Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Армандо Торрест Оюу толгойн 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичиг хүргүүллээ

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн ТББ тэргүүтэй 35 гаруй иргэний нийгмийн байгууллагууд Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрест өнөөдөр Оюу толгойн 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичиг хүргүүллээ. Шаардах бичгийг Оюу толгой компаний Орон нутгийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер Ш.Байгалмаа хүлээж авсан юм.

Тус шаардах бичигт “Өнөөг хүртэл ашиглаж буй ил уурхай нь Монгол Улс, Монголын ард түмэнд ямар ч үр өгөөгүй байгаа тул цаашид далд уурхайг ашиглах гэрээ хэлэлцээр хийхгүй байхыг анхааруулж, 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын даргын захирамжаар томилсон “Оюу толгойн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, гэрээг дүгнэх” ажлын хэсэгт нөлөөлж буй хууль бус үйлдлээ нэн яаралтай таслан зогсоож, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна. Мөн энэхүү гэрээг цуцлах  эсхүл өөрчлөлт хийж, 51 хувийг Монголын ард иргэд эзэмших заалтыг тусгаж гэрээг шинэчилэн бусад холбогдох заалтуудыг ил тод болгож дэлгэн тавихыг шаардаж байна” гэсэн байна.  

Энэ үеэр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн Удирдах Зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

- Оюутолгой ХХК-ий гүйцэтгэх захирал Армандо Торрест ямар шалтгаанаар шаардах бичиг хүргүүлж байгаа вэ?

-Оюутолгой ХХК-ий гүйцэтгэх захирал Армандо Торрест  2018 оны 05 дугаар сарын 7-ны 07, 419 тоотоор албан шаардлага хүргүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-т Монгол гэж заасан байдаг бол НҮБ-ын 1962 оны 1,803 тоот тогтоолд “Баялагийн эзэн улс  өөрсдийн баялгийн дийлэнх хувийг хүртэх ёстой” гэсэн заалт байдаг. 

Монгол Улс хувь нийлүүлэгчдийн гэрээний зохицуулалтаар өдөрт 3 сая ам.доллар буюу таван шинэ цэцэрлэг барих хэмжээний мөнгийг өрөнд өгч байна.

Ер нь Оюу толгойн төслийн зээл нь өөрөө улирал тутам хүүгээс хүү бодох буюу нийлмэл хүүгийн аргаар хүүлэхээр зохицуулагдсан нь хууль бус авлигын шинж чанартай.

Баялгийн ззэн болох Монголын ард түмнээс нууц хийсэн гэрээ юм. Албан шаардлагыг 35 гаруй төрийн бус байгууллага, иргэдийн гарын үсэгтэйгээр гардуулахаар ирээд байна.

-Ард түмэнд та бүгд нэгдэх ёстой гэж уриалга дэвшүүлж байна, тийм үү?

- Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулснаас хойш 40 гаруй төрийн бус байгууллага нэгдээд байна. Өнөөдөр гэхэд хоёр төрийн бус байгууллага нэгдэж сая тамга тэмдгээ дарлаа. Яагаад бид энэ олон төрийн бус байгууллагыг нэгтгээд байна вэ гэвэл Монголын ард түмэн бүгдээрээ хамтарч нэгдэх ёстой. Хамтарч нийлж, нэгдэж байж өнөөдөр Монголд болохгүй байгаа МАНАН гэгдэж байгаа олигархи, улс төрийн бүлэглэлээс бид салах ёстой. Тэгэхгүй сонгогч бид нарыг намын хатуу гишүүнчлэл дор дөрвөн жилийн цикл дээр хүрч ирж тархийг нь угааж, 10, 20 цаас өгч эрх барих дээд шатны байгууллагад мөнхөд сонгогддог энэ ажлыг таслан зогсоохын төлөө бид эвлэлдэн нэгдэж, нийлэхийн төлөө бид хамтарч ажиллаж байна. Тэр ч үүднээс өнөөдрийн шаардлагыг хүргүүлж байна.  

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас ил захидал илгээсэн байсан. Уг ил захидлын талаар юу гэмээр байна?

- Манай төрийн том өндөрлөгүүд, төрийн өндөр албан тушаал хашиж байсан улсууд ямар нэгэн байдлаар Монголын эсрэг, ард түмний эсрэг гэрээ хэлэлцээр хийсэн, өөрсдөө авлига, хэл хахууль авсан гэх тодотголоор баригдах, хоригдох үедээ ямар нэгэн байдлаар буюу өвчнөөр суллагдах нэг арга байдаг. Дээрээс нь хорих ангиас ард түмэнд хандаж урилга маягтайгаар ил захидал бичдэг, ард түмэнд өөрийгөө баатарлагаар харуулахыг оролддог энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Үүний цааны юу байна гэхээр Монголын ард түмний эрх ашиг, Монгол Улсын тусгаар тогтнолын аюулгүй байдал байгаа учраас энэ асуудлыг хууль хүчний байгууллага, эрх зүйн хэм хэмжээнийхээ хүрээнд хариуцлагатайгаар зөвөөр шийдвэрлэх ёстой. Түүнээс биш тэр хүний бичсэн захидлын төлөө мэдээж хуулийн байгууллага нааштайгаар зөв шийднэ гэж байхгүй гэдэгт итгэж байгаа. 

Тэр хүн эгдүүцсэн гэхээсээ илүүтэйгээр Монголын ард түмний эрх ашиг чухал. Оюу толгойтой байгуулсан гэрээ яг энэ хүний хэлсэн шиг үнэхээр ашигтай гэрээ байсан бол өнөөдөр Монголын ард түмэн ингэтлээ ядуурахгүй, дуу хоолой нь ингэтлээ боомилогдохгүй байх байсан. Тэгэж л харж байна.