Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 3 жилд Монгол эрэгтэйчүүдийн нас баралт 3.3 хувиар өсжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 3 жилийн байдлаар Монгол эрэгтэйчүүдийн нас баралт 3.3 хувиар өссөн гэсэн мэдээллийг өнөөдөр Төрийн ордонд болж буй "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр өглөө. 

Судалгаанаас зарим онцлох мэдээллийг хүргэж байна.

  • Эрэгтэйчүүдийн нас баралт 40-44, 50-54 насанд өндөр байна.
  • Улаанбаатар, Ховд, Орхон аймагт архинд донтох эмгэгээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өндөр байна.
  • Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65.58 бөгөөд эмэгтэйчүүдийн наснаас 9.5 жилээр богино байна.
  • Манай улс эрэгтэйчүүдийн нас баралтаар дэлхийн 200 улс орноос 159-д бичигджээ.
  • 15-64 насны эрэгтэй хоёр хүний нэг нь тамхи татаж, 37.5 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэгдэг.
  • Гурван эрэгтэйн нэг нь жингийн илүүдэлтэй эсвэл тураалтай байна.
  • Эрэгтэйчүүд элэг, уушгины хорт хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8.2-11.3 хувь дахин их байна.
  • Нийт эрэгтэйчүүдийн 40 хувь нь биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ их гэж тодорхойлогдсон.

Хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны Урологи, Андрологийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор, профессор Д.Нямсүрэн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар илтгэл танилцууллаа.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар нарийвчилсан судалгаа байхгүй 

 

Тэрбээр "Монгол Улсад жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд байна. Нас баралтын 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлж байна.

20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй.

Үргүйдлийн 44.4 хувь нь эрэгтэйчүүдээс шалтгаалж байна. Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар нарийвчилсан судалгаа байхгүй байна.

Төрийн зүгээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан судалгаа боловсруулах шаардлагатай. Эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах нь чухал. Түүнчлэн 21 аймаг, хотын төв эмнэлгүүдийг андрологийн кабинеттай болгож, эмч тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй" гэлээ.

Эрэгтэйчүүдийн осол гэмтлийн байдлыг авч үзвэл, өвчлөлийн тавдугаарт, нас баралтын хоёрдугаарт, нийт осол гэмтлийн 60 гаруй хувийг эзэлж байгаа ажээ.

Эрэгтэйчүүд осолд өртөж нас барах нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад дөрөв дахин их байна.

Түүнчлэн 2018 оны тавдугаар сарын байдлаар ДОХ-ын 260 тохиолдол бүртгэгдсэнээс 208 нь эрэгтэйчүүдэд илэрсэн бөгөөд нийт тохиолдлын 80 хувийг эзэлж байна.

Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй

 
Гэрэл зургийг mpa.mn

СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл "Эрэгтэйчүүдэд халдварт бус өвчнийг үүсгэж, цагаас эрт нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах, эдийн засгийн хохиролд оруулдаг гол шалтгаанд архи, тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ багтаж байна.

Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдэлтэй зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл харилцаа, нийгмийн зах зээл, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарын хэрэгжүүлж буй бодлоготой уялдуулах шаардлагатай.

Нийгмийн бусад салбар, байгууллага, хамт олон, гэр бүлд жендерийн тэгш байдлыг хангасан эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг оновчтой арга хэлбэрээр, тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй" гэв.