Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэддээ мөнгөө зөв зарцуулахыг багаас нь хэрхэн сургах вэ?

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхэд багаасаа мөнгөний талаар хамгийн наад зах нь юуг мэдэх ёстой вэ? Санхүүгийн боловсролд хэдэн настайгаасаа суралцах хэрэгтэй вэ? Энэ талаар мөн бусад зөвлөгөөнүүдийг хүргэж байна. 

Хүүхэд 2-3 настайгаасаа эхлэн мөнгийг сонирхож эхэлдэг гэнэ. Мөнгөний үнэ цэнийг ойлгохгүй хэдий ч том хүмүүс мөнгө зарцуулахыг хараад цагаахан атаархдаг юм байна. Тэгэж зоосон мөнгөөр тоглож эхлэнэ. Энэ үед хүүхэд мөнгөний өртгийг тооцоолж чадахгүй, зөвхөн тоог нь тоолж чадна.  Жишээ нь, “надад 500 төгрөг байна” биш, “надад нийт 10 ширхэг зоос байна” гэж л ойлгоно. 

Хүүхэд 5-6 настайдаа “хувийн мөнгө”-тэй болж эхлэнэ: Эмээ өвөө нь төрсөн өдрөөр нь 10,000 төгрөг, ээж нь зайрмаг, чихэр авч ид гээд 2,000 төгрөг, аав нь онц дүн авсан гэж 1,000 төгрөг өгнө...Ингэж л хүүхэддээ өгөх мөнгөний хэмжээ нэмэгдэж гарна. Гэвч хүүхэддээ мөнгө гэж юу болох, яаж зөв зарцуулахыг багаас нь ойлгуулахгүй л бол санхүүгийн наад захын боловсролгүй болж өсөж торнино гэсэн үг.  

Эцэг эхчүүдийн дийлэнх нь гэр бүлийн төсвөө төлөвлөх үйл явцад хүүхдүүдээ оролцуулдаггүй учраас хүүхэд мөнгө хаанаас орж ирж, хаана юунд зарцуулагдаж байгааг огт мэддэггүй. Ийм гэр бүлд нүдэнд харагдсан бүхнээ “авч өг” гэж эцэг эхээ зовоодог хүүхэд торнино.  

Харин аав ээж нь яаж мөнгө олдог, мөнгөний өртөг ямар байдаг,  яаж хуримтлал үүсгэж, юунд яаж зарцуулвал оновчтой вэ гэдгийг багаасаа мэдэж өссөн хүүхэд хамгийн онц хүүхэд байх болно. Мөнгөний үнэ цэнийг ойлгож, дэлгүүрээс ямар нэгэн зүйл худалдаж авахдаа мөнгөө гамтай зарцуулахыг мэддэг болно. Тиймээс хүүхэддээ мөнгөний тухай зааж байна гээд мөнгөний эргэлтийн тухай ч юм уу мэргэжлийн үг хэллэг ашиглах шаардлагагүй, хүүхэд бүрийн насанд тохирсон ойлголтыг өгөх нь чухал юм.   

3 - 4 нас

  • Хүүхэддээ “хямд”, “үнэтэй” гэдэг хоёр үгийг хамгийн энгийнээр тайлбарлаж өг. Тухайлбал, “Энэ аяганд таван ширхэг чихэр байна. Энэ чихэрнүүд нөгөө аяганд байгаа долоон чихэрнээс хямдхан” гэдэг ч юм уу ийм төрлийн жишээг ашиглаж болох юм. 
  • Ямар нэгэн зүйлийг авахын тулд хариуд нь бас ямар нэгэн зүйлийг өгөх ёстой гэж хэлээрэй. “Эхлээд өгч байж, дараа нь авна”. Жишээ нь, хүүхдээ шүлэг унших болгонд нэг чихрээр мялааж бай.  
  • Хүүхэдтэйгээ зөвшилцөөрэй. Дэлгүүр гарахаасаа өмнө хүүхэддээ ганцхан юм авч өгнө гэдгээ хэлж амлалтыг нь авах хэрэгтэй. Хариуд нь хүүхэд ямар зүйл худалдаж авахаа өөрөө шийдэг. Энэ нь та хүүхэддээ сонголт хийх боломж өгч байна гэсэн үг. 

5 - 7 нас

  • Хүүхэддээ юм худалдаж авахыг зааж өгөөрэй. Дэлгүүр орохдоо хүүхэддээ мөнгө өгч өөрөөр нь худалдан авалт хийлгүүлээрэй (хүүхдийнхээ хажууд зогсож сайн хянаж байх хэрэгтэй). Дараа нь нэг л зүйл худалдаж авч ирэхийг захиж, үнэнд нь таарсан мөнгө өгч явуулаарай. Жишээ нь, 2,000 төгрөгөөр сүү аваад ирээрэй гэж гарт нь 2,000 төгрөг өг. Үүний дараа аажим аажимаар хүүхэддээ худалдан авах зүйлсийн жагсаалт өгч явуулж худалдан авалт хийлгүүлж сургаж болно гэсэн үг. 
  • Мөнгө хуримтлуулж сургаарай. Хүүхэд ямар нэгэн зүйл худалдаж авахын тулд өөрөө мөнгөө хуримтлуулах хэрэгтэй. Таны хүүхэд унадаг дугуй авмаар байгаагаа хэллээ гэж бодьё. Тэгвэл та хүүхэдтэйгээ нийлж мөнгө хуримтлуулж эхлэнэ гэсэн үг. Жишээ нь, та хүүхэддээ онц дүн авах болгонд 500 төгрөг өгч байгаарай, хүүхэд тэр мөнгөө цуглуулаг. Ингэж байж л та хоёр жилийн дотор унадаг дугуй худалдаж авах мөнгийг цуглуулах болно. 
  • Хүүхэддээ алийг нь худалдаж авах нь илүү дээр вэ гэдгийг хэлж ойлгуулаарай. Тухайлбал, 2,000 төгрөгөөр нэг ширхэг зайрмаг авахын оронд нэг литр сүү авах нь дээр юм шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй. “Нэг литр сүүгээр гэр бүлээрээ сүүтэй цай ууж, сүүтэй будаа, сүүтэй каш идэж болно. Харин нэг ширхэг зайрмгийг ганцхан хүн л иднэ. Аль нь дээр вэ”-гэж хүүхдээсээ асуугаарай. 

7- 10 нас

  • Хүүхдээ дэлгүүр гаргаж байгаарай. Энэ нь хүүхдэд багаас нь хариуцлагатай байх, худалдаж авах зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, зарцуулах мөнгөө тооцоолох ухааныг зааж өгнө гэсэн үг. 
  • Хүүхдийнхээ мөнгөө яаж зарцуулж байгааг хянаж байгаарай. Таны өгсөн мөнгийг бүхэлдээ чихэр жимсэнд зарцуулах уу аль эсвэл өөртөө хэрэгтэй зүйлийг худалдаж авах уу?
  • Хүүхэддээ нийтийн үйлчилгээний төлбөр, гэр бүлийн төсөв, хөнгөлөлтүүд, өр зээлийн талаар ярьж өгөөрэй. Ингэхдээ лекц уншиж хүүхдээ залхааж болохгүй, хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах хэрэгтэй.  

11- 14 нас

  • Хүүхэддээ мөнгийг зорилготой зарцуулахыг зааж өгөөрэй. Жишээ нь, та хүүхэддээ долоо хоногт нэг удаа 10,000 төгрөг өгнө. Хүүхэд энэ мөнгийг долоо хоногийн хоол, унаандаа хүргэх хэрэгтэй. 
  • Хүүхэддээ багаас нь хөдөлмөрлөхийн ач тусыг хэлж өгөөрэй. Гэр орныг эмхэлж цэгцэлж, цэвэрлэснийх нь төлөө бага хэмжээний мөнгөөр урамшуулж бай. Ингэснээр та гараа хөдөлгөж ямар нэгэн юм хийж л байвал хариуд нь хөлс авч болдог юм байна гэсэн ойлголтыг хүүхэддээ өгч байна гэсэн үг. 

15 - 18 нас 

  • Хүүхдээрээ ойр зуурын цалинтай ажил хийлгүүлж эхлэх хэрэгтэй. Ялангуяа анхны цалингаа авсан өдрөөр нь хүүхэддээ “хөдөлмөрлөж олсон талх хамгийн амттай байдаг юм шүү” гэж заавал хэлээрэй. Ингэж байж та хүүхдийнхээ ирээдүйн мэргэжил сонголтонд туслаж чадна.    
  • Хүүхдийнхээ хувийн төсөвт битгий оролц. Хөдөлмөрлөж олсон мөнгөө өөртөө зарцуулаг.  Бүр ямар ч хэрэгггүй зүйлд мөнгө зарцуулж байсан ч та битгий оролц. Энэ нь таны хүүхдийг алдаанаасаа суралцах, ирээдүйд мөнгөний гачигдалд орохгүй байх тэрхүү эрдэм рүү хөтлөх болно. 

 

 

Эх сурвалж: baribar.kz