Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэрэнбат: Сайдаар томилогдсоноос хойш шонхрын асуудлаар Засгийн газрын хуралдаанд асуудал оруулаагүй

Б.Төгөлдөр
2018 оны 5 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Н.Цэрэнбат сайд аа ажлаа хийсэн шиг хийгээч. Танай салбар үнэхээр бугшсан, авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон газар. Байгалийн бүх баялаг, ургамал, амьтан гээд зарж болох бүгдийг зарж байгаа. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг хил давуулж зарсан тухай мэдээлэл байна.

Монголын нууц товчооны 850 жилийн ойд зориулж шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж гадагшаа гаргахыг хориглосон. Гэтэл Засгийн газар нууц тогтоол гаргаад, танай яам 750 шонхор шувуу зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая ам.долларын ашиглалтын асуудал гарсан байна. Энэ талаарх мэдээллийг Байнгын хороонд нээлттэйгээр мэдээлэл өгөхийг хүсэж байна. Тагнуул, гаалиас бүх мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна” гэсэн юм.

Энэ асуудалтай холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Миний бие шонхор шувуутай холбоотой ямар ч асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй.

Мөн Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм. Мөн мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шонхор шувууг жилд тодорхой хэмжээгээр экспортолж, улсын төсөвт тодорхой хэмжээний орлого оруулах асуудал байдаг уу?

-Өмнө нь 2011 оныг хүртэл идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гадагш нь гаргадаг байсан. 2013 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаргахыг хориглосон тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

-Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна гэх мэдээллийг байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд өгсөн?

-Энэ тоог яаж гаргаад байгааг мэдэхгүй байна. Ж.Энхбаяр гишүүн энэ тооныхоо задаргааг өөрөө хэлэх байх. Миний бие Засгийн газрын гишүүнээр томилогдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл шонхор шувууны асуудлаар Засгийн газрын хуралдаанд асуудал оруулаагүй.

-Ийм асуудал болсныг Засгийн газар мэдэхгүй байх боломжтой юу. Өмнөх Засгийн газрын үед гарсан асуудал байж болох уу?

-Албан ёсоор арилжааны шугамаар гараагүй.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ "Жилд 250-270 орчим Шонхор шувуу барих зөвшөөрлийг олгодог байсан. Одоо ч иймэрхүү хэмжээнд л олгож байгаа” гэж хэлсэн. Энэ нь ямар шугамаар гарч байгаа гэсэн үг вэ?

-1994 оноос хойш Арабын улс орнуудтай дипломат харилцааны хүрээнд гаргаж ирсэн байгаа.

-Арилжааны хэлбэрээс бусад хэлбэрээр гараагүй гэсэн үг үү?

-Би байнгын хорооны хурал дээр ч хэлсэн. Нууцын журмынхаа дагуу мэдээлэл авах эрхтэй субъектүүд нь авах ёстой.

Зураг