Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

NASA Ангараг гараг руу “геологич” станцаа илгээлээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Манай цагаар өчигдөр орой АНУ-ын үндэсний сансар судлалын агентлаг NASA Ангараг гарагийн гүний бүтцийг судлах InSight судалгааны станцаа хөөргөлөө.

Найман жилийн турш зохион бүтээсэн уг станц нь Ангарагт геологийн судалгаа хийх юм.

Калифорний Ванденбергийн Агаарын Баазаас Atlas V пуужинд тээвэрлэгдэж хөөрсөн станц 6.5 сарын дараа Ангараг дээр бууна. Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр InSight станц шүхэр болон бусад хурд сааруулах технологийн тусламжтайгаар 7 минутын дотор 21,000 км/цаг хурднаас 8.8 км/цаг хурд хүртэл удааширсаар Ангарагийн хөрсөн дээр буух юм.

Буусныхаа дараа робот гарнууд судалгааны хоёр багажийг хөрсөнд суулгана. Нэг нь Францын сансрын агентлагийн зохион бүтээсэн сейсмометр буюу чичиргээ хэмжигч бөмбөгөр хэлбэртэй төхөөрөмж. Салхи болон бусад гадны хүчнээс хамгаалахын тулд ийм гэр хэлбэртэй зохион бүтээжээ.

Нөгөөх нь Германы сансар судлаачдын бүтээсэн төхөөрөмж бөгөөд хөрсний гүнд 5 метр нүхэлж суурилагдаад хөрсний температурыг хэмжих юм.

 

Энэ хоёр төхөөрөмжөөс авсан мэдээллээр Ангараг гараг түүхийнхээ турш хэрхэн өөрчлөгдөж ирсэн, дотор талдаа ямар бүтэцтэй зэргийг судлах боломж нээгдэнэ. Үүнээс гадна дэлхий зэрэг манай нарны аймгийн бусад хатуу гадаргатай гарагуудын үүсэл хөгжлийг ойлгоход тус болох юм.

InSight-ийн мэдээллээр мөн Ангараг дээр өнөөдөр микробиологийн амьдрал байгаа эсэх, өмнө нь байсан эсэхийг мэдэх гэнэ.

Эдгээр цуглуулсан бүх мэдээллийг Ангарагийг тойрон эргэлдэж байгаа хиймэл дагуулууд дэлхий рүү илгээх ажээ.

InSight бол 2013 оноос хойш Ангарагт илгээж байгаа NASA-гийн анхны станц. Энэ удаа мөн хоёр бичил (10х10х10 см шоо хэлбэртэй) хиймэл дагуулыг хамт илгээж байгаа гэнэ.

2020 онд NASA дараагийн судалгааны станцаа Ангарагт илгээх төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz