Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын их, дээд сургуулиудад дүн, тэтгэлэг авахдаа хээл хахууль өгөх соёл тогтсон нь үнэхээр түгшүүртэй"

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Азийн Сан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран "Хариуцлагатай Оюутан Залуус" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 62 их, дээд сургуулийн 3,500 гаруй оюутанд ил тод байдал, шударга ёс, ёс зүйн талаарх мэдлэг, мэдээллийг өгөх үйл ажиллагааг зохион байгуулжээ. Харин өнөөдөр сургууль дээрээ дээрх арга хэмжээг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн 120 гаруй оюутан хөтөлбөрийн үр дүнгээ нэгтгэх уулзалтад оролцож байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

ШУТИС-ийн Бизнес удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн 2 дугаар курсийн оюутан Ч.Отгонгэрэл "Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр сургууль дээрээ ёс зүй, ил тод байдал, шударга ёсны тухай хэлэлцүүлгийг зохион байгуулж 52 оюутан оролцсон. Хэлэлцүүлэгт оролцсон 52 оюутан таван баг болж ажилласан бөгөөд бидний сурч буй орчинд тулгамдаж буй асуудал юу байна вэ, тэр дундаа шударга ёс, ил тод байдал хэрхэн хөндөгддөгийг ярилцсан юм. Сургуулийн орчин тав тухгүй, үнэлгээний байдал шударга биш гэх нийтлэг санаанууд гарч ирсэн" гэв.

62 сургуулийн 120 оюутан өөр өөрсдийн сургууль дээр хэлэлцүүлэг зохион байгуулахаасаа өмнө ёс зүй, шударга бус зүйлсийг алдагдуулж буй зүйлсийг гаргаж ирэхийн тулд чадавхжуулах сургалтад хамрагджээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрол "Хариуцлагатай Оюутан Залуус хөтөлбөр бол Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Азийн сангаас Монголд хэрэгжүүлж буй таван томоохон төслийн нэг нь юм. 

Дээд боловсролын салбарт ил тод байдал, ёс зүйн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баяртай байна. Монголын их, дээд сургуулиудад анги солих, дүн авах, тэтгэлэг авах гэсэн асуудлууд дээр хээл хахууль өгөх соёл шахуу зүйл тогтсон байгаа нь үнэхээр түгшүүртэй мэдээ юм. Ийм зүйл боловсролын байгууллагуудад үнэхээр байдаг бол суралцагчдын сурлага, дүнг сааруулсан сөрөг үзэлдэл" хэмээн ярилаа.

Оюутнууд сургуулийн эргэн тойронд буй шударга бус асуудлуудыг шийдвэрлэх саналаа боловсруулах Монголын бүх их дээд сургуулиудад зөвлөмж болгон хүргүүлэх юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн уулзалтад оролцогч талууд:  
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Дээд боловсролын бодлогын газар 
Канадын Элчин Сайдын Яам
Азийн сан 
Ерөнхийлөгчийн тамгын газар 
Их дээд сургуулийн консорциум
Монголын оюутны холбоо
Томоохон сургуулиудын төлөөлөл
Авлигатай Тэмцэх Газар 
Боловсролын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ТББ