Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Аким: Манай төр засгийн байгууллагууд соёл гэхээр л үстэй толгой нь арзайгаад гар сунгахгүй байна

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний бичгийн үсгийн баярын хүрээнд Үндэсний номын санд “Дуу дүрс, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал болж өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар төрийн өмчийн соёлын баримтат өвийн сан хөмрөгтэй байгуулагуудын судлаач эрдэмтэд хальс, чулуу, модонд шингэсэн соёлын баримтат өвийн ангилал, төрөл зүйл, хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийн талаар илтгэлүүд хэлэлцүүллээ. 

"Манайд эртний хятад хэлнээс орчуулга хийдэг хүн байдаггүй юм байна"

СГЗ, орчуулагч Г.Аким "Соёлын өв гэдэг нь хүний оюунаар бүтсэн бодитой эх биетэй дурсгалын утгыг заана. Чулуун түүхийг хадан дээр хоцроосон, хадаар бүтээж үлдээсэн гээд хоёр үндсэн хэсэгт хувааж болох юм. Үүнд хадан дээр үлдээсэн өвөд хадны сийлбэр зураг, хадны зоосон зураг, хадны сийлбэр бичээс, хадны бэхэн бичээс гэж дөрөв ангилж болно. Хадаар бүтээсэн өвөд буган чулуу, чулуун хөрөг, бичигт хөшөө гэж гурав хувааж болохоор байна. 

Монгол орон хадны зургаар агуу баян. Хадан дээр сийлсэн янгирын тоо манай малчдын хотон дээр байгаа янгирын тооноос хамаагүй илүү. Тэгэхлээр зэрэг цэнхэр гараг дээр маань өөр хаана ч байхгүй хадны зургийн тэр эх нь Монголд бий гэж нялх бичээч би бардам хэлнэ.

Манай өвөг дээдс гараг нэгтнүүдээс илүү уран байж уу ухаан төгс байж уу гэж заримдаа дотор сэрхийн омогшин бардамнах удаа гардаг гэдгийг илүүдэх юмгүй. Хуучин, дунд, чулуун зэвсгийн үеээс авахуулаад дээдэлж бодож байгаа. Орчин үеийн түүхчдийн өгүүлж байгаагаар 100-70 мянган жилийн өмнөх үе. 

Зоос гэдэг энэ гайхамшигтай урлагийг нээж олмогцоо хадан дээр тэр зоосоороо аж байдлаа зурж эхэлсэн. Хадан дээр зургаар түүхээ бичүүлэхийн ялдамд бичиг үсэгтэй болмогцоо хадан дээр бичиг үсгээ үлдээж эхэлсэн. Манай өвөг дээдэс чулуун түүхийг бүтээж эдгээр хэдэн мянган жилээр тухайн үеийн өв түүхийг өгүүлсээр өнөөгийн бидний үед хүрч иржээ. Чулуун номон дотор түүхэн явдлыг урнаар зураглаж тансагаар дүрсэлсэн байна. Өөрөөр хэлбэл шүлэг байж байна. Шинжилж судлагдаагүй газар арвин бий. Бидний олж мэдсэнээр судлах гэж оролдсон Монголын хад чулуун хөшөөн дээрх шүлгүүд гэхэд монгол, руни, төвд, хятад бичгээр байж байна.

Тухайлбал, хятад бичгийн дурсгалд орох Ховдын Рашаантын хадны агуйд: 
“Эрхэм тайгад эрүүл энхийг соёрхогтун
Эрүүл мэнд буян заяаг надад хайрлагтун
Орой дээр чинь гарч рашаанаас чинь хүртэе
Оргилын чинь өндөр утаа чангаас өөрцгүй” гэж шүлэглэн бичсэн байна

Манайд эртний хятад хэлнээс орчуулга хийдэг хүн байдаггүй юм байна. Миний бие Күнзийнхнээс хүртэл гуйгаад чадаагүй, тэгээд Өвөр Монголын Гэрэлжав гэх эрдэмтэнд хандаж орчуулуулсан юм.  Бүх шүлгийн дурсгалыг эрэн олж ном болгон хэвлүүлэхэд Швейцарийн хөгжлийн агентлаг тусалсан. Гэтэл манай төр засгийн байгууллагууд соёл гэхээр л үстэй толгой нь арзайгаад ямар ч гар сунгахгүй байгаа. Яригдаад байдаг мөнгө байхгүй л гэдэг. Сайханбилэг ерөнхий сайд л гэхэд эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж гурав хэлж хашгирч гарсан ш дээ. Тэгээд л алга болсон. Гэтэл эдийн засаг соёл гэдэг бол нэг зоосны хоёр тал. Үүнийг манай төр засаг, нөхдүүд ойлгомоор юм гэж энэ дашрамд хэлмээр байна. 

Соёлыг төр засгаас анхаарал хандуулж хадгалж хамгаалахад санаа тавьж хөтөлбөр боловсруулах цаг нэгэнт болжээ. Гадаадаас хичнээн зээл авч байна. Урд нь зээл авч Монголыг сүйрүүлсэн гэсэн мөртлөө аваад байна. Тэрний ганцхан хувийг энэ соёлын хадгалалт, хамгаалалтанд зориулаг л дээ. Яагаад болохгүй гэж. 

Хадны бичээс уншдаг мэргэжилтэн бэлтгэх цаг болсон байна. Цаасан бичиг уншиж судалдаг хүн хадны бичээсийг тийм амар уншчихдаггүй юм байна. Гэхдээ зэрэг есөн хэл, 10 бичгээр унших хүн бидэнд хэрэгтэй болжээ. Хадны бичээсийг тодруулах арга дэлхий олдсон юм байна. Гурван хэмжээст скайнер гараад иржээ. Аппарат зураг авах их нарийн болсон. Зургийг нь аваад тодруулдаг болжээ" хэмэнэ илтгэлдээ дурдлаа. 

"Өвийг дамжуулснаар монгол хүн, монгол оршихуй, монгол ухаанаа хадгалж үлдэнэ"

Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын соёл, соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн, соёл судлаач доктор Д.Мэндсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Сая илтгэлдээ зургаан өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтат өвийн жагсаалтанд бүртгүүлсэн талаар дурдсан. Эдгээр нь ямар өв байсан бэ?

- Яаралтай хамгаалах ёстой соёлын өвийн жагсаалт бий. Устах өндөр эрсдэлтэй байгаа мөн ганц тоогоороо байгаа манай улсын түүх, манай Монгол Улсыг нотлох мэдээллийг агуулж байгаа тэр өвүүдээ бүртгүүлдэг. ЮНЕСКО өөрийн гэсэн нарийн мэргэшсэн шинжээчдийн багтай. Тэдний зөвлөгөө  манай улсын соёлын өвийг хадгалж хамгаалахад бодит тусламж болдог. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ соёлын өвөө хамгаалж байна.

Манай улсаас цаасан болон хад чулууны бичиг, зурагт өвүүд ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтын өвд бүртгэгдсэн. Тухайлбал ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтат өвийн жагсаалтанд 2011 онд “Лу Алтан товч”, “Монгол шунхан данжуур”, 2013 онд “Есөн эрдэнийн ганжуур”, 2014 онд “Сахисан дарь эх”, 2016 онд “Мэргэд гарахын орон” нэр томьёоны толь бичгийн модон бар, 2017 онд “Данжуурын гэрэлт хөшөө”-г бүртгүүлсэн. Ингэж бүртгүүлснээр эдгээр өвүүдээ хил дамнасан хулгайд өртөх эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг. 

- Тэгвэл хальс, чулуу, модонд шингэсэн соёлын өвийн хадгалалт хамгаалалт ямар байгаа вэ?

- Өв гэдэг маань өөрөө насжилт нь уртассан байдаг. Настай хүнд арчилгаа, тордолгоо, сувилгаа чухал байдгийн адил соёлын өвд ч гэсэн адилхан арчилгаа тордолгоо чухал. Өв болгон оршихуй. Энэ удаагийн хурлаар яагаад үндэсний баримтат өвийг онцолсон гэхээр баримтат өвийн цаана монгол хүний оюун санааны бат бэх оршихуй явж байна. Үүгээрээ ач холбогдолтой. Энэ их даяарчиллын айхтар шинжлэх ухаан технологи дагасан түрэмгийллийн эринд бид монголоороо үлдэхийн тулд гарцаагүй соёлын өвийг хойч үедээ дамжуулах, өвлүүлэх нь хамгаас чухал. Өвийг дамжуулснаар монгол хүн, монгол оршихуй, монгол ухаанаа хадгалж үлдэнэ. 

-Соёлын өвийг орчин үеийн технологитой нийцүүлж хадгалах боломж байгаа юу?

-Энэ ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр шинжлэх ухаан, техник технологи асар хурдацтай хөгжиж,  бид бүхний ажлыг хялбаршуулж байгаа хэдий ч соёлын өвүүдийг гэмтээчих вий гэсэн болгоомжлол бий.

Эцсийн эцэст соёлын өвийн  хамгийн сайн хамгаалагч нь тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид өөрсдөө. 

Тухайлбал гэрэл зургийн хальсаа скайнердахад урт насжилттай хальс гэрлийн тусгалыг дийлэхгүй хайлж байх жишээний. Наад зах нь үнэхээр сайн технологи байна уу гэдгийг шалгаж судлах өөрсдийн гэсэн шинжээчдийн багтай байх ёстой. Судалгааны үндсэн дээр засварлаж болох юм байна гэсэн шийдэлд хүрэхгүй л бол соёлын өвөө гэмтээх аюул байна. 

-Байгаль дээр байгаа эдгээр соёлын өвүүд аливаа нэг гамшигт өртөж элэгдэж хорогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авах уу?

-Ерөнхийдөө байгаль дээр байгаа соёлын өвүүдийг артифакторууд гэж нэрлэдэг. Элэгдэх тохиолдол байнга гарч байдаг. Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу бид соёлын биет бус өвийг гурван жилд нэг, хөдлөх өвийг дөрвөн жилд нэг,  үл хөдлөх өвийг таван жилд нэг удаа тоолдог.

Тооллого хийхийн хажуугаар тухайн өвийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, элэгдэж хорогдсон байвал дахиж сэргээх боломжтой уу, хэрэв сэргээх боломжгүй бол тусгаарлах арга хэмжээ авдаг. Аливаа өвтэй хамт тухайн газарт оршин сууж байгаа ард иргэдийн сүсэг бишрэл хамт явж байдаг. Шүтдэг гол шүтээн нь болчихдог. Байгаль дээр өндөр эрсдэлд байгаа соёлын өвийн эх хувийг авчирч архивт хамгаална. Тэрхүү эх хувийн яг адилхан хуулбарыг байсан газарт нь тавина.  

-Хүний гараар биет өвийг устгаж байсан тохиолдол бий юу?

-Шүтдэг шүтээнтэй холбоотойгоор хүмүүс сүүгээ өргөж, тос, хужир тавьж, хадаг уясан байдаг. Энэ нь тухайн соёлын өвийн насжилтанд сөргөөр нөлөөлж байгаа. Элэгдэж хорогдох эрсдлийг нь өндөрсгөөд байгаа гэсэн үг. 

-Цаашдаа олон нийт, ард иргэдэд соёлын өвийг хадгалж хамгаалах ухамсарыг хэрхэн төлөвшүүлэх вэ? 

-Аймаг болгонд соёлын өвийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Эцсийн эцэст соёлын өвийн  хамгийн сайн хамгаалагч нь тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид өөрсдөө. Тийм учраас цаашдаа тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдад чиглэсэн тодорхой хэмжээгээр урамшууллын тогтолцоо ч байдаг юм уу, эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай байна.

Яах уу соёлын өвийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд тогтмол хийггддэг л дээ. Гэхдээ одоо бол олон нийтийн боловсрол руу орох цаг хэдийнээ болжээ. Сургалт сурталчилгаа, нэвтрүүлэг зөвлөмж өгөх тал дээр илүү анхаарч ажиллах шаардлага үүсээд байна.