Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Итгэл: Блокчэйн технологийг бид үүсгээгүй. Гэхдээ үүн дээр тоглож чадаж байна

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг

Сүүлийн үед Монголд хиймэл оюун ухаанд суурилсан технологи хүчтэй дэлгэрч байна. Үүнийг дагаад криптовалют буюу цахим мөнгө, биткойныг хүмүүс ихээр сонирхож, хошуурч эхэлсэн. Тэр бүү хэл хиймэл оюун ухаан ашиглаж зээл авах үйлчилгээ дэлгэрээд байгаа. Олон ч чадвартай залуус дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Тэдний нэг бол “Go-Pay” компанийн үүсгэн байгуулагч Г.Итгэл юм.

Тэрбээр АНУ-ын “University of North Carolina” их сургуульд хиймэл оюун ухаанаар суралцдаг бөгөөд нэг аппликэйшнийг 24 цагийн дотор бичиж сурчээ. Г.Итгэл суралцахынхаа хажуугаар Монголдоо ирж ухаалаг гар утсанд зориулсан криптовалютын хэтэвч болох “GoPay” аппликэйшнийг зохион бүтээжээ. Тус дижитал хэтэвчээр дамжуулж, криптовалют авах, зарах, олон улсын арилжаанд оролцох үйлчилгээг авч болно. Хамгийн гол нь биткойн барьцаалан зээл авах боломжтой болжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хиймэл оюун ухаан ашиглаж “GoPay” аппликэйшнийг зохион бүтээсэн гэж байна. Энэ аппликэйшн ямар ид шидтэй юм бэ?

-Би АНУ-д хиймэл оюун ухаанаар дагнаж суралцаж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-д криптовалют, биткойны давалгаа маш хүчтэй үүссэн. Тэр үед хичээл яг амрах гэж байсан юм. Тэгээд биткойны бизнес рүү орж, найзуудтайгаа олборлолт хийж эхэлсэн. Хэсэг олборлолт хийгээд боломжийн санагдаж байтал Монголд бас биткойны давалгаа үүсэж байлаа. Тэгээд л Монголд очиж энэ чиглэлээр ажиллаж болох юм байна гэдэг санаа төрж нутагтаа ирсэн.

Ирээд найзуудтайгаа уулзаж, хамтарч ажиллах болсон. Зарим нэг нь биткойноос ашиг хийсэн. Нөгөө хэсэг нь зарж мөнгө болгосон. Бүр хашир нэг нь өснө гэж найдаж хадгалж байгаад алдсан тохиолдол бий. Крипто бизнест орохын тулд миний хувьд wallet буюу хэтэвчнээс эхлэх нь зүйтэй. Өнөөдөр биткойнтой больё гэвэл хэтэвчтэй байх хэрэгтэй л дээ. Тэр зүйл нь Монголд өнөөдөр байхгүй байна. Ер нь би “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуяг захирлаас урам авсан. Тэгээд аппликэйшн хийх санаагаа танилцуулахад хамтарч ажиллахыг зөвшөөрч, хөрөнгө оруулахаар болсон. “GoPay" аппликэйшнаа өнгөрсөн арванхоёрдугаар сараас хийж эхлээд дөрөвдүгээр сарын 28-нд нээлтээ хийсэн.

“GoPay” аппликэйшн нь монгол хэлтэй. Биткойн буюу биткойн каш гээд хоёр төрлийн криптовалютыг дэмждэг хэтэвч гэж ойлгож болно. Нэг ёсондоо өөрийн утсандаа крипто хэтэвчээ хадгална гэсэн үг. Ингэснээр маш их давуу талтай. Манайд байгаа биткойн хадгалах хувилбарууд бол нэгдсэн сервертэй байдаг. Тэр сервер дээр маш олон хүмүүсийн хэтэвчний түлхүүр хадгалагддаг. Хэрэв сервер ямар нэгэн байдлаар хакердууллаа гэхэд та биткойнгүй болох өндөр эрсдэлтэй.

Харин “GoPay" аппликэйшн таны крипто хэтэвчний түлхүүрийг утсан дээр чинь хадгалдгаараа давуу талтай. Нэг ёсондоо төвлөрсөн сервер дээр хадгалдаггүйгээр давуу талтай юм. Тэр утгаараа хакердуулах эрсдэл бага гэсэн үг.

-Биткойны ханш өнгөрсөн арванхоёрдугаар сард маш эрчимтэй өсөөд огцом буусан шүү дээ. Үүнээс болж зарим нэг хүмүүс биткойнд итгэхээ больсон. Ийм үед “GoPay” аппликэйшн гаргах нь ашиггүй биш үү?

-Дэлхийд цаасан мөнгөний эрин үе арчигдана. Бид ирээдүйд цахим мөнгө хэрэглэх нь тодорхой гэдэгт итгэсээр байгаа. Үнэ буусан, буугаагүй бид хийдэг юмаа хийгээд урагшаа явна. Зөвхөн үнэ бууснаас болоод зорилгоосоо ухарвал зөв биш гэж бодож байна.

-Өнөөдөр LendMN компани хиймэл оюун ухаан ашиглаж зээл олгох болсон. Энэ компанийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр маш эрэлттэй байгаа. Тэгвэл “GoPay” аппликэйшнаар дамжуулж, биткойн барьцаалан зээл олгохоор болсон гэж байна. Ямар журмаар зээл олгох вэ?

-“GoPay” аппликэйшнд биткойн болон биткойн каш гэсэн хоёр төрлийг криптовалютын түрийвч үүснэ. Биткойн каш нь биткойноосоо үүссэн. Өөр төрлийн сайжруулсан зоос гэсэн үг. Нэг төрлийн блокчейн дээр байгаа данс гэж ойлгож болно. Биткойноо авч, бусдад илгээх боломжтой. QR код уншуулаад л зээлээ авна. Нэрээ бичиж, анкет бөглөх шаардлагагүй.

Үүгээрээ давуу талтай болсон. Крипто хэтэвч үүсгэснээрээ Монголдоо анхдагч болж байгаа юм. Зээл өгөхдөө тухайн өдрийн биткойны ханшийг харна. Өнөөдөр биткойны ханш 8,000 ам.доллар байлаа гэхэд тал үнээр нь буюу 4,000 ам.доллараар бодож, биткойн барьцаалан зээл олгоно. Зээл авч байгаа хүн бага зэргийн шимтгэл өгнө.

-Шимтгэл нь хэд вэ?

-Шимтгэлийн үнийн дүн удахгүй баталгаатай гарна. Гэхдээ хүү байхгүй. Үйлчилгээний шимтгэл л авна. Хамгийн гол нь Монголдоо анх удаа блокчейн дээр суурилж, хиймэл оюун ухаан ашигласан аппликэйшн юм. Зээл авахдаа аппликэйшн руугаа ороод хүсэлт гаргах гээд дараад шууд манай хиймэл оюун ухаантай харьцана гэсэн үг. Таны бүхий л мэдээллийг хиймэл оюун ухаан бодно.

-Зээлийг хэд хоногийн хугацаатай авах боломжтой вэ. Бас зээлийн хязгаар нь хэд вэ?

-Хугацаа нь 7-30 хоног. 200 мянгаас хоёр сая төгрөгийн зээл авах боломжтой. Гэхдээ зээл өгч байгаа бидэнд маш эрсдэлтэй. Биткойны үнэ хэлбэлздэг учраас ямар ч эрсдэл гарч болно.

-Тэгвэл танай компанид ямар ашигтай юм бэ?

-Сүртэй ашиг байхгүй. Бид үйлчилгээний хөлсөөс ашиг авна. Гэхдээ их биш. Хүмүүст боломж олгож байгаа. Маш өндөр үнэтэй биткойн авсан хүмүүс байдаг. Тэгээд тэрийгээ зарах сонирхолгүй хүмүүс бий. Үнэ өснө гээд итгэсэн, түүнийгээ зарах бодолгүй байж болно. Гэтэл яаралтай мөнгөний хэрэг гарч болно шүү дээ. Тэгэхээр манайхаас биткойноо барьцаалж зээл аваад мөнгөө эргэлдүүлэх боломжтой болно.

-Гадаад ийм төрлийн үйлчилгээ байдаг уу?

-Гадаадад машин, байраа барьцаалаад биткойн зээлж болдог. Бид болохоор эсрэгээр нь хийгээд байгаа юм л даа.

-Одоогоор зээл авсан хүн байгаа юу?

-Бид ирэх долоо хоногоос үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

-Хөгжилтэй оронд хиймэл оюун ухаанаар сурч боловсорч байгаа хүний хувьд Монгол Улс дэлхийн технологийн дэвшлийн хаах нь явж байна?

-Би Америкт очоод нэг л зүйлийг ойлгосон. Бид хоцрогдсон гэхээсээ илүү дэд бүтэц нь байхгүй байна. Америкт коллежуудын дунд долоо хоног тутам hackathon гэдэг тэмцээн зохион байгуулдаг. Энд оролцож байгаа залуус 24 цагийн дотор аппликэйшн бичдэг. Америкийн ихэнх дээд сургуулиуд оролцдог. Жинхэнэ оюун ухааны өрсөлдөөн тэнд болдог. Хиймэл оюун ухаан, шинэ технологи ашиглаад хэн шилдэг байсан нь нэгдүгээр байр эзэлдэг.

-Өөрөө энэ тэмцээнд орж байсан уу?

-Миний хувьд хоёр долоо хоног тутамд оролцдог.

-Амжилт үзүүлж байв уу?

-Хоёр удаа тэргүүн байр эзэлж байсан. Дата анализ хийдэг тэмцээнд байнга оролцдог байлаа.

-Монголчууд энэ чиглэлээр хэр сурдаг вэ?

-Миний байгаа газар маш цөөхөн монголчууд байдаг. Харин бусад хотуудад олон монгол хүн байгаа. Ер нь үе үеэрээ байдаг. Биднээс өмнөх үе байна. Тэд очоод харлачихсан байдаг. Харин сүүлийн үед очиж байгаа залууст харлах гэдэг асуудал байхгүй. Сурч, мэргэжилдээ маш сайн болохыг гол зорилгоо болгодог. Хамгийн гол нь тэнд албан ёсоор ажиллаж, амьдрах хүсэл тэмүүлэлтэй болчхоод байгаа.

-Монгол оюутнууд технологийн чиглэлээр хэр амжилттай сурч байна. Бусад орны оюутнуудаас юугаараа ялгардаг вэ?

-Монголчууд оюуны өндөр чадвартай. Жаахан сэжүүр өгөнгүүт дээрээс нь нэмэрлээд юуг л бол юуг хийнэ. Харин сул тал нь ямар нэгэн зүйл санаачилж хийх нь дутмаг. Харин гарч ирсэн шинэ зүйл дээр дөрөөлж баяжуулж чаддаг. Анх аяга зохион бүтээлээ гэхэд бүтээсэн аяган дээр юу л бол юу хийж чадна. Блокчэйн технологийг бид үүсгээгүй.

Гэхдээ тэрэн дээр яаж л бол яаж тоглож чадаж байна шүү дээ. Гадаадад ямар нэгэн зүйл барьцаалж биткойн авдаг бол бид эсрэгээр нь биткойныг нь барьцаалж мөнгө зээлэх аргыг сэтгэчхээд байгаа биз дээ. Дэлхий тэр чигээрээ шинэ технологид суралцаж байна. Тиймээс бид ямар ч байсан хоцрохгүй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж боддог.

Бас гадаадад сурч байгаа оюутнуудад түгээмэл гаргадаг алдаа байдаг. АНУ-д дадлагад гарах маш өндөр боломжтой. Гэвч тэр боломжоо ашигладаггүй. Миний хувьд технологийн томоохон компани болох IBM-д дадлага хийж байсан. Маш олон зүйл сурсан. Нүд маань нээгдсэн.

Оюутнууд дадлага сайн хийх тусмаа төгсөөд шууд дэлхийн топ компаниудад ажилладаг. Манай монгол залуучуудаас Amazon, Desneyland, Google, Facebook-т ажиллаж байгаа шүү дээ. Миний нэг мөрөөдөл байдаг. Тэр бол Азидаа технологийн дэд бүтцийг үүсгэх. Технологийн гарааны компаниуд Монголд ирэхийг хүсдэг болгомоор байна. Гарааны бизнес эхлүүлж байгаа хүмүүс хожно уу л гэхээс алдахгүй.

Зураг