Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Нямдорж: Д.Данзан бид хоёр цаашид МҮБХ-нд ажиллахгүй

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бөхийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан болон Улсын заан Д.Мягмар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮБХ-г үүсгэн байгуулагч Р.Нямдорж "1990 оны хоёрдугаар сард Улсын заан Давааням МҮБХ-г байгуулах санаачилга гаргаад миний бие Данзан, Мягмар, Даваасамбуу, Давааням нарын таван хүн зуун төгрөг нийлүүлж уг байгууллагын анхны санхүүжилтийг гаргаад тамга тэмдгээ хийлгэж байсан. Энэ утгаараа биднийг МҮБХ-г үүсгэн байгуулагчид гэж үздэг.

Би тус холбоог 28 жил тэргүүлэн ажиллалаа. Энэ хугацаанд Монгол бөхийн түүхэнд байгаагүй 60 шинэ ажлыг бид хийсэн. Тухайлбал, допингийн шинжилгээг наадмаар хийдэг байсныг, наадмаас наадмын хооронд хийдэг болгосон. Бөхчүүдийг цахимаар бүртгүүлэн барилдуулдаг болсон гэх мэт ажлыг дурдаж болно.

Сүүлийн үед МҮБХ-ны нэр хүндэд халдсан зохион байгуулалттай нэвтрүүлгийг Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс удаад дараа гаргаж байна. Үүнээс болж иргэдийн дунд буруу ойлголт төрөөд байна.

Чинбатыг гурван шатны шүүхээс МҮБХ-ны тэргүүнээр баталгаажуулсан гэдэг нь худлаа. Бүрэлдэхүүний шаардлага хангаагүй хурал зохион байгуулж, Чинбатыг тэргүүнээр сонгосон. Энэ хууль бус цуглааны талаар би Ерөнхийлөгчид захидал бичсэн.

Монголын үндэсний бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн. МҮБХ-ны 2010 онд хуралдсан 6-р их эеээр баталсан дүрэмд бөхийн өргөөг МҮБХ-ны өмч мөн гэж тусгаж өгсөн байгаа. Мөн тус дүрэмд бөхийн өргөөг зээлийн барьцаанд тавих болон өмчлөхийг хориглосон.

Улсын бүртгэлийн газраас Чинбат нар МҮБХ-ны гэрчилгээ авсан байна. Тэр гэрчилгээндээ үндэслээд тамга авсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн тавдугаар бүлгийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэсэн заалт бий.

Тэгэхээр МҮБХ гэдэг энэ байгууллага 1990 онд улсын бүртгэлд бүртгүүлчихсэн, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа. Дахиад МҮБХ гэдэг байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхийн тулд өмнөх МҮБХ нь татан буугдсан байх ёстой. Хуульд төрийн бус байгууллагын татан буулгах заалт хоёрхон бий.

Үүсгэн байгуулагч нар эрх барих дээд байгууллага, шүүхэд энэ эрх бий. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулж олгосон. Энэ гэрчилгээг олгоход хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн гэж яригдаж байгаа.

Данзан бид хоёр цаашид МҮБХ-нд ажиллахгүй. Гэвч бид бөхийн хөгжлийн төлөө ажил хийнэ" гэлээ.

Бөхийн өргөө хоёр тэрбумын өртөгтэй барилга

 
Гэрэл зургийг mpa.mn

МҮБХ-г үүсгэн байгуулагч Д.Данзан "Бөхийн өргөөг ард түмний хандив төрийн дэмжлэгээр боссон гэж Баянмөнх аварга ярьж байна. Тэгэхээр амьгүй юм өөрөө боссон болж таарч байна. Уг байгууллагыг үүсгэн байгуулсан 10 гаруй хүний хөдөлмөрийг үгүйсгэж байна.

Бид бөхийн өргөөг хандиваас гадна албан байгууллагын сугалаа, нэр төрийн арилжаа, алтан карт зэргийг борлуулж байж босгосон. Бөхийн өргөө бол хоёр тэрбумын өртөгтэй барилга. Энэ ажилд бид бүхэн зургаан жил зүтгэсэн. Биднийг бөхийн өргөөг барих гэж байхад нийгэм хүндхэн байсан.

Баянмөнх аварга Монголын мэргэжлийн үндэсний бөхийн холбоо гэдэг байгууллагатай хүн. Тэгсэн мөртлөө МҮБХ-ны ажил руу ороод бөхийн өргөөг нь булааж авах гээд байна" гэлээ.