Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сүхбат: Энэ жил 5,000 орчим гоёлын мод тарина

Г.Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д. Сүхбатаас нийслэлийн ногоон байгууламж, мод арчлалт, хортон шавьтай тэмцэхэд ямар ажил хийж байгаа талаар тодрууллаа.

-Урин цаг ирэхээр түүнийг дагаад ногоон байгууламжийн ажил эхэлдэг. Энэ жил хэчнээн мод суулгах вэ?

-Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай 98 га байдаг. Энэ ногоон байгууламжтай хэсгийн арчилж хамгаалахад жил бүр 5.8 тэрбум төсөвлөдөг. Ногоон байгууламжийн ажлыг хот тохижилт, дүүрэг, орон нутгийн төрийн өмчит газрууд, гэрээт аж ахуйн нэгж байгууллагууд хийдэг. Зундаа ид үед нийслэлийн ногоон байгууламжид 300-400 гаруй хүн ажилладаг. Энэ хүмүүсийн цалин, тээвэр, шатахуун, ногоон байгууламжид зарцуулж байгаа бараа материалын үнэ зэрэгт 5.8 тэрбум төгрөгөө зарцуулдаг юм.

Одоо байгаа ногоон байгууламжийн талбай нь хүн амдаа багаддаг. Нийслэлийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайг авч үзвэл нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.4 шоо метр байгаа. Улаанбаатар хотын Засаг даргын нийгэм эдийн засгийн зорилгод 2020 он гэхэд энэ тоог таван шоо метр болгохоор тусгасан байдаг.

Ийм хэмжээнд хийнэ гэхээр жилдээ 30-40 га талбайд нэмж ногоон байгууламж хийх шаардлагатай болж байгаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжид багаар бодоход жилдээ 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үздэг. Өнөөдөр манай улс нэг хүн ногдох ногоон байгууламжийнхаа хэмжээгээр олон улсын жишгээс зургаа дахин бага байна. Эхлээд өвөл хугарсан, хүний хөлд гэмтсэн ногоон байгууламжаа сэргээнэ.

Тэгсний дараа 16 байршилд том мод суулгана. Модыг хавраас эхлэн намрын усалгаа хүртэл 22 ажлыг шат дараатай хийдэг. Модыг хэлбэржүүлэх, шохойдох, бордох, нөхөн сэргээх гэх мэт. Энэ жил нийслэлд гоёл чимэглэлийн мод түлхүү тарина. Тооцоолсноор энэ жил 5,000 орчим гоёлын мод тарихаар төлөвлөсөн. Харин 2,885 нарс, зургаан эмнэлгийн гадаа том мод тарина.

-Модыг хэлбэржүүлж тайрахыг зарим хүн ойлгодоггүй шүү дээ. Модыг хэлбэржүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Хэлбэржүүлэх гэдгийг хүмүүс нэг утгаар нь хүлээж авдаг. Уг нь мэргэжлийнхээ талаас гурван янзын ухагдахуунтай. Огтлолт, тайралт, таналт гэсэн. Энэ гурвыг нийлүүлээд мод хэлбэржүүлэлт гэж нэрлээд байгаа юм. Хавар болоод мод бут нахиа хөөгөөд хаврын ургалт эхлэхээс өмнө тэр модны хатсан мөчир болон бусад хэрэггүй зүйлийг нь авдаг. Харин модыг танаж, тайрах гэдэг нь хүнээр бол үс, хумсыг нь авч байна гэсэн үг.

Мод бол хотын бас нэгэн өнгө үзэмж. Манай улсад цахим орчинд түгж, хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байгаа мод бутыг хэлбэршүүлэх ажил манай улсад буруу хийгдээд байгаа юм. Бид мод бутыг хаврын улиралд хэлбэршүүлэх шаардлагыг бүх газарт хүргүүлж байгаа. Дүүрэг бол тухайн СӨХ, орон нутгийнхаа ажилчдад шаардлага тавьж ажиллах ёстой. Суурин соёл гэж байх ёстой. Надад муухай харагдаж байгаа болохоор модыг тайрч байгаа юм биш.

Энэ чинь нийтийн эзэмшлийн талбай, нийтийн өмч учир хамгаалах ёстой. Манай цонхны нарыг халхлаад байхаар нь тэр модыг тайрсан гэдэг юм хэлж болохгүй. Ногоон байгууламжийн талаарх нэгдсэн ойлголт манай улсад маш муу байдаг. Энэ ажлыг мэргэжлийн төвшинд хийхийн тулд хүмүүсээ сургахаас эхлээд шаардлагууд байна. Гэвч олон нийт маань тайралт, таналт, огтлолоо мэдэхгүй байна.

-Манайд ихэвчлэн дөрвөлжин зассан моднууд л байдаг шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Ургамлын хашлагыг л хэлбэржүүлж байгаа юм. Аливаа модонд байгалийнх нь өгөгдөл байдаг. Том том навчтай моднууд ихэвчлэн конус хэлбэртэй засагддаг. Манайд тарьсан мод дөрвөлжин засахад тохиромжтой. Тухайн мод нэг талаасаа хатсан байвал тэрэнд нь тааруулж л засна.

Манай улсад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлдэх шаардлагатай байна. Өнгөрсөн гурван жилийн турш ногоон байгууламжийн ажил төлөвлөгөөний дагуу амжилттай хийгддэг болсон. Өмнө нь бол долоо найман сард цэцэг тарьж л байдаг байсан. Ургалт нь гүйцэх үгүй нь хамаагүй, өвөл нь үхнэ үү, байна уу тоодоггүй байсан.

-Ногоон байгууламжийн ажил тухайн жилийнхээ цаг агаарын онцлогоос шалтгаалаад эхлэх болон дуусах хугацаа нь өөр байдаг байх. Энэ жилийн ажил хэдийд дуусах вэ?

-Энэ сарын 20-ноос эхэлсэн. Ирэх сарын 10-ны үеэр мод тарих, суулгах ажил дуусна.

Зураг