Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд ном уншиж өгөх хамгийн үр дүнтэй гурван арга

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бага насны хүүхдэд ном уншиж өгөх нь тэдний хэл ярианы хөгжлийг түргэсгэхээс гадна номонд дуртай, хичээлдээ сайн сурагч болох ирээдүйн суурийг тавьж өгдөг байна.

Саяхан Америкийн Сэтгэл Судлалын Ассоциаци (American Psychological Association) номыг хүүхдэд хэрхэн үр өгөөжтэй уншиж өгөх талаар томоохон судалгаа хийжээ.

Сассексийн их сургуулийн судлаачид 2,455 хүүхдийг хамарсан 38 тусдаа судалгааны үр дүнг нэгтгэн шинжилж, ерөнхий дүгнэлт гаргасан байна.

Тэдний дүгнэснээр дараах гурван аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй гэжээ.

Хүүхдэд номыг хэрхэн зөв уншиж өгөх

Харилцан яриан дээр суурилах (Interactive)

Зургийг тайлбарлаж өгөх, асуулт асууж хариулт авах, үгсийг дэлгэрүүлж ойлгуулах зэрэг харилцан ярианд суурилсан аргыг ном уншиж өгөхдөө хэрэглэвэл хүүхдүүдийн шинэ үг тогтоох чадвар нэмэгдэж байгаа нь харагджээ

Үгсийг давтаж хэлэх

Онцгой чухал гэж үзсэн үгсээ олон удаа давтаж хэлэх нь зөвхөн хүүхдэд тогтоолгоод зогсохгүй үгийн утгыг илүү сайн ойлгож, хоногшуулахад нэмэртэй болохыг тогтоосон байна

Дуртай номыг нь дахин уншиж өгөх

Хүүхдийнхээ дуртай номыг олон удаа давтан уншиж өгөх нь ой тогтоолтыг сайжруулах, үгийн баялагтай болоход нь сайнаар нөлөөлдгийг тогтоожээ. Тиймээс нэг номыг хэд хэдэн удаа давтан уншихад асуудалгүй гэнэ.

Эдгээрээс гадна хүүхдэд ном уншиж өгөхөд дараах хоёр хүчин зүйл нөлөө багатайг тогтоосон байна.

  • Хэн уншиж өгөх нь хамаагүй. Хүүхдийн хэл ярианы хөгжилд тухайн номыг хэн уншиж өгч байгаа нь нөлөөлөхгүй байгааг тогтоожээ. Эцэг эх, багш, судлаач гээд ер хэн уншиж байгаа нь хүүхдэд хамаагүй байдаг гэнэ.
  • Хүүхдийн нас хамаагүй. Ах настай хүүхэд үг тогтоохдоо бага хүүхдээс илүү гэсэн уламжлалт ойлголт байдаг. Тэгвэл дээрх судалгаагаар хүүхдийн настай холбоотой үр дүнгийн өөрчлөлтийг илрүүлж чадаагүй гэнэ.

 

Эх сурвалж: Quartz