Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн ерөнхийлөгч Ассадын одонг Франц улсад буцааж өглөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сирийн засгийн газар ерөнхийлөгч Башар Аль Ассадад гардуулсан Легионы тэргүүн зэргийн одонг Франц улсад буцааж өгч байгаагаа өчигдөр зарлажээ.

Эцэг Хафез Ассадыгаа нас барсны дараа эрх мэдлийг нь дөнгөж залгамжлаад байсан Башар Аль Ассадад Францын ерөнхийлөгч Жак Ширак 2001 онд Легионы тэргүүн зэргийн одон болох Grand Croix (Их загалмай)-г гардуулж байсан юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны албаныхан одонг буцааж авах ажиллагаанд бэлдэж байгаагаа Даваа гарагт зарласан байна.

Сирийн засгийн газар уг одонг Дамаск дахь Румыний элчингээр дамжуулан Францад буцааж байгаа гэжээ. Румыний элчин Сирид Францыг давхар төлөөлдөг юм.

Мэдэгдэлд буцаах болсон шалтгаанаа дөрөвдүгээр сарын 14-нд Сирид болсон пуужингийн цохилтод Франц улс АНУ-тай хамтран оролцсоноос гэж тайлбарлажээ.

Мөн “Терроризмийг дэмжигч АНУ-ын боол улсын одонг ерөнхийлөгч Ассад зүүж явах нь зохимжгүй хэрэг” гэсэн байна.

Франц улс жил бүр 3,000 орчим хүнд Легионы одонг гардуулдгийн 400 нь гадаадын иргэд байдаг. Тэднийг Франц улстай холбоотой үйлсэд зүтгэл гаргасан, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан зэрэг шалтгаанаар шагнадаг байна.

Жак Ширак 2006 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд бас уг одонг гардуулж байжээ. Эммануэл Макрон өнгөрсөн онд бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон Холливүүдийн продюсер Харви Уэйнштэйнээс Легионы одонг хурааж байв.

 

Эх сурвалж: AFP