Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудлыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллерын энэ сарын 9-20-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үр дүнг тайлагнаж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын урилгаар хийсэн албан айлчлалынхаа төгсгөлд өнөөдөр би та бүхэнд хандаж байна.

Айлчлалын үеэр миний бие төв болон орон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, олон улсын байгууллагууд, олон улсын хөгжлийн санхүүжүүлэгч байгууллагууд, иргэний нийгмийн телөөлөл болон жирийн иргэдтэй уулзлаа. 

Монгол Улсад ажиллах хугацаандаа хийсэн үнэлгээнийхээ урьдчилсан дүгнэлтээс өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Үнэлгээний тайлангийн эцсийн бөгөөд дэлгэрэнгүй хувилбарыг энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 39 дүгээр чуулганд танилцуулах болно.

Энэ удаагийн айлчлалын үеэр миний анхаарлаа хандуулсан гол асуудлууд бол хүний хэрэглээнд зориулсан ундны усыг иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмж, мөн жорлон ба халуун усанд орох, хувийн ариун цэврийг сахих газар зэрэг ариун цэврийн байгууламжуудын хүртээмжийн асуудал байлаа.

Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн асуудал олон жилийн турш Засгийн газрын шийдвэрлэвэл зохих асуудал байсаар байгаа. Монголчуудын дийлэнх хэсэг нь ундны усаа худгаас авдаг ба нийт хүн амын тал шахуу хувь нь нүхэн жорлонд бие засдаг. 

2015 оны байдлаар, нийт хүн амын зөвхөн дөрөвний нэг хэсэг нь гэртээ цоргоноос ус авдаг гэсэн бол дөнгөж 13 хувь нь л бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдсон байна. Эдгээр тоо баримт нь ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудалд МУ-ын Засгийн газраас тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч анхааран ажиллах шаардлагатай байгааг илтгэж байна" гээд айлчлалынхаа товч тайланг танилцуулсан юм.

Ундны ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний хүртээмж тэгш бус байна

Хот, хөдөөгийн ялгаа

ДЭМБ/НҮБХС- аас гаргасан Хяналтын Хөтелбөрийн тайланд, 2015 оны байдлаар Монголын хотуудад оршин сууж буй иргэд бараг бүгд (94 хувь нь) ундны усаар хангагдаж байсан бол хөдөөгийн хүн амын зөвхөн тал нь (56 хувь) ийм түвшний үйлчилгээг авч байжээ. Ариун цэврийн байгууламжийн хувьд ч хот, хөдөөгийн ялгаа их буюу хотын хүн амын 66 хувь нь энгийн ариун цэврийн байгууламжтай байсан бол хөдөөд зөвхөн 41 хувь нь жорлонтой байжээ.

Улаанбаатарт байхдаа, мөн Дундговь, Өмнөговь аймгуудаар явахдаа энэхүү илт ялгааг би өөрийн нүдээр харсан. Засгийн газраас өгсөн мэдээгээр, нийт 334 сумын дөнгөж 20 сумын төв хэсэгт нь ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээ байна. Бусад сумдын оршин суугчид нь улсын төсвийн хөрөнгөөр, хувийн хэвшлийн ААН-ийн санхүүжилтээр, эсвэл хувь хүний хөрөнгөөр баригдсан нийтийн болон хувийн худгаас ундны усаа авдаг байна. Улсын хэмжээнд нийт 34 сумдын оршин суугчдын ундны усны чанар нь Монгол Улсын стандартад нийцэхгүй байгаа нь туйлын ихээр санааг минь зовниулж байна. 

Иймд, холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хамтран эдгээр сумдыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болгох тал дээр яаралтай арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хувьд хот хөдөөгийн ялгааг арилгахын төлөө хүчин чармайлт гарган ажиллах, ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах үйлчилгээг сайжруулахад шаардагдах санхүүгийн болон техникийн дэмжлэг дутмаг байдаг хөдөөгийн оршин суугчдад онцгой анхаарал хандуулан, нэн тэргүүн ач холбогдол өгч асуудлыг шийдвэрлэхийг МУ-ын Засгийн газраас шаардаж байна.

Орон сууцны болон гэр хорооллын ялгаа

Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамжийн хувьд хотын оршин суугчдын дунд ялгаа байгаа нь Монгол орны цаг агаарын байдалтай холбоотой юм. 

Ерөнхийдөө Монголын өвөл их хүйтэн ба удаан, зарим жилүүдэд 6 cap ч үргэлжлэх нь бий. Хүйтний улирлын оргил үед агаарын хэм цельсийн -35, -40 хүрдэг. Өнгөрсөн Пүрэв гарагт цас орохыг харснаар өвлийн төгсгөлийг би өөрийн биеэр мэдэрсэн. 

Өвлийн улиралд гэр хорооллын оршин суугчдад ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал нэлээн хүндрэлтэй болдог. Гэр хорооллын айлууд ундны усаа 500 метрийн зайнд байрлах худгаас зөөдөг, бие засахын тулд гэрээсээ гарч халаалтгүй нүхэн жорлонд ордог тул хүйтнээс дайжих боломжгүй юм.

Улаанбаатарын гэр хороолол урьдчилсан төлөвлөлтгүйгээр хүрээгээ улам бүр тэлж байгаа нь ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн асуудлыг улам бүр хурцдуулж байна. Хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний улмаас нийслэлийн хүн амын тоо эрчимтэй өссөөр, харин ундны ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай дэд бүтцийг барих ажлын хурд энэ өсөлтийг гүйцэхгүй байна.

Орон сууцны нэг өрх өдөрт дунджаар 200 литр ус хэрэглэдэг бол гэрт амьдардаг өрхийн нэг гишүүн өдерт 7-15 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Худгаас 50-60 орчим литр ус авч байсан нэгэн эртэй би ярилцсан юм. Тэднийд 3 том хүн, 7 хүүхэд амьдардаг гэв. Энэ хүний авсан ус нь тухайн гэр бүлийн гишүүдийн хүвцас угаах, усанд ороход хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр, гэр хорооллын нэг хүний хэрэглэж буй усны хэмжээ олон улсын стандартаас доогуур байна.

Ийм нөхцөл байдалд ундны ус, ариун цэврийн байгууламжийн тэгш бус хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд ямар арга зам хамгийн оновчтой вэ гэдэг хүндхэн асуулт Засгийн газрын өмнө тулгарч байна. 

Тусгай илтгэгчид нь Хүний эрхийн Зөвлөлийн Тусгай процедур хэмээх хэсэгт харъяалагддаг байна.  Энэхүү Тусгай процедур нь НҮБ-ын Хүний Эрхийн тогтолцоон дахь хараат бус шинжээчдийн хамгийн том хэсэг бөгөөд Зөвлөлийн зүгээс тодорхой улс орны нөхцөл байдал болон тодорхой сэдвийн талаар дэлхийн аль ч хэсэгт хараат бусаар ажиллаж, баримт нотолгоо цуглуулах, тандалт судалгаа хийх, хяналтын үүрэг гүйцэтгэх механизмын ерөнхий нэр ажээ.  Тусгай процедурын  шинжээчид нь НҮБ-ын ажилтнууд биш бөгөөд сайн дурын үндсэн дээр ажиллаж,  хийсэн ажлынхаа төлөө цалин хөлс авдаггүй юм байна. Тэд аливаа улсын  засгийн газар, байгууллагад харъяалагддаггүй бөгөөд зөвхөн мэргэжилтнийхээ хувьд томилогдож албан үүргээ гүйцэтгэдэг аж.