Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Путин “Манайд хамгийн сайхан биеэ үнэлэгчид байдаг” гэж хэлснийг Трамп ярьсан гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Холбооны Мөрдөх Товчооны дарга асан Жэймс Комигийн ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан уулзалтын нууц тэмдэглэлийн хэсгээс олж авснаа Associated Press агентлаг мэдээлжээ.

Тэдний хоорондын яриаг агуулсан 15 хуудас материал 2017 оны тавдугаар сард Комиг Трамп албан тушаалаас нь огцруулахаас хэдхэн хоногийн өмнө бичигдсэн байна.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд нөлөөлсөн эсэх, Кремль Трамптай ямар холбоотой болохыг шалгаж байгаа тусгай прокурор Роберт Маллерын гарт уг материал нууцын зэрэглэлтэй хадгалагдаж байсан юм.

Харин өчигдөр АНУ-ын хууль зүйн яам материалын хуулбарыг конгрессын зарим гишүүдийн хүсэлтээр өгсөн байна.

Тэмдэглэлд бичигдсэн нэг сонирхолтой зүйл нь Оросын биеэ үнэлэгчидтэй холбоотой хэсэг байв. Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан түүний 2013 онд Москвад биеэ үнэлэгчидтэй зугаацаж байгааг харуулсан бичлэгийн тухай дуулиан дэгдсэн юм. Энэ асуудлаар Трамп Комитой уулзсан тухай уг хэсэгт өгүүлжээ.

Тэнд дурдсанаар “Ерөнхийлөгч биеэ үнэлэгчидтэй холбоотой дуулианыг ор үндэсгүй худал зүйл гэж хэлээд харин Путин түүнд ‘манай биеэ үнэлэгчид дэлхийд хамгийн сайхан нь’ гэж хэлж байсныг дурсав” гэсэн байна.

Энэ яриа хэзээ, хаана болсон тухай Трамп дэлгэрүүлээгүйг Коми бичжээ.

Өчигдөр CNN сувагт Жэймс Коми өөрийнх нь тэмдэглэлийг хуулийнхан конгресст дамжуулсанд санаа зовохгүй байгаагаа ярьсан байна.

“Хүмүүс энэ тэмдэглэлийг олж үзвэл намайг бүр анхнаасаа, ерөнхийлөгч Трамптай анх уулзсан цагаасаа хувиршгүй, тууштай байсныг мэдэх байх” гэж Коми хэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press