Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дагвадорж яасан юм бэ?!

З.Боргилмаа
2018 оны 4 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энхболд хэд хоногийн өмнө Өмнөговь аймагт буюу тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх үеэрээ нэг хүнийг нэр цохон нэлээн чичилжээ. Тавантолгойн орд дээр олборлолт хийдэг орон нутгийн болон төрийн өмчит хоёр компанийн маргаан, зөрчлийн асуудал, бас нүүрсний хулгай, авлига гээд олон асуудал хөндлөө.

Тэр зарчмын яриан дундаа Тавантолгой Транс компанийн захирал Дагвадоржийг “будаа” болгох нь тэр. Тэр магадгүй буруутай л хүн байх. Лав баян. Тийм болохоор эрхэм гишүүн жишээнд авч байгаад “Өмнөговь аймгийн хүүхнүүд Дагвадоржийн эхнэр шиг амьдраасай, Өмнөговийн хүүхдүүд Дагвадоржийн хүүхэд шиг амьдраасай’’ гэдэг харьцуулалт хийж, хүмүүсээр баахан алга ташууллаа..

Чухам Дагвадоржийн эхнэр, хүүхдийг үзэн ядаад байна уу, тэдэн шиг амьдраасай гэдэг “ерөөл” хэлж байгаад нь баярлаад байна уу, бүү мэд, ямартай ч хүмүүс алга нижигнүүлэв. Нэг л зүйл зөв. Тэр нь юу гэхээр Монголын айл, өрх бүхэн аль нэг Дагвадоржийнх шиг чинээлэг хангалуун амьдрах ёстой. Харин яаж гэдгийг Л.Энхболд гишүүн шиг эрх, мандат авч, их хуралд томилогдсон бодлого тодорхойлогчид шийдэх учиртай юм. Түүнээс биш нэгийг нөгөөтэй нь харьцуулж, нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг сумлаж тавих нь ёс зүйгүй л хэрэг. Маргааш нь Дагвадоржийн эхнэр, хүүхдэд юу тохиолдож болох вэ?

Гаднаа түлээгүй, гэртээ хоолгүй, сэтгэлдээ гэрэлгүй болсон хэн нэгэн гомдол гутралдаа, эсвэл архины халуундаа- болоод тэдэн рүү дайрвал яах вэ. Заавал хэн нэгнийг шонгийн модонд наасан зарлал шиг түмний өмнө жишээнд татаж байгаад шордох хэрэг байсан уу? Хэрэв Дагвадорж хууль бус зүйл хийгээд байдаг нөхөр юм бол хуулийн байгууллагад өгөөд шалгуулж болно.

Энэ сэдэв яагаад хөндүүр тусч байгааг тайлбарлахын тулд Үндэсний статистикийн газрын гаргасан хүн амын гуравны нэг нь ядуу гэсэн судалгааг энд дурдахад хангалттай. Гурван хүн тутмын нэг нь магадгүй Дагвадорж шиг чинээлэг, нэг нь над шиг, нөгөө нь надаас доогуур амьдарч яваа ажээ. МУИС-ийн профессор Т.Дорж үүнийг тайлбарлахдаа “Эдийн засгийн өсөлт нь нийгмийн орлогын ялгарлыг дэндүү их нэмэгдүүлж байгаад асуудал байгаа юм” гэжээ.

Миний ойлгосноор бол эдийн засаг өслөө ч тэр өсөлтийг үр шимтэй нь хамт нэгдүгээрх нөхөр залгичхаад байгаа хэрэг аж. Ходоод нь дундуур дүүрэн яваа хоёрдугаарх нөхөр бухимдана, холгүй гэрт ходоод нь хонхолзож суугаа гуравдугаарх нөхөр нь үүндээ буруутан хайна. Хамгийн түрүүнд хэнийг буруутгах вэ? Хариуцлагатай хүний амнаас нэр цохогдсон хэн нэг Дагвадорж хоолыг нь булаасан буруутан болж магадгүй. УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй хуультай. Харин тэндээс гараад хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх учиртай.

Хүмүүс орлогын ялгаанаасаа үүдээд хуулийн дээр, дор амьдрах болсон тэгш бус байдал тэднийг хооронд нь үзэн ядалтаар хувааж эхэлсэн. Ийм үед ядаж дунд нь яс хаяхын хэрэг баймгүй. Хагарал, хуваагдал, хорсол, тэмцэл ингэж эхэлдэг.

УИХ-ын гишүүн Л.Энхболдын яриан дундаа орон нутгийн өмчит “Тавантолгой”, төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”компанийн хооронд бас яс хаясан шиг ээ. Орон нутгийнх нь төрийн өмчийнхөөс нүүрс хулгайлсан гэх утгатай. Олон зуун тонн нүүрс, хэдэн сая долларын асуудал ярьсан ч үүнд нэр дурдагдсан хоёр компанийн зүгээс хэвлэлээр тайлбар дамжуулсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдахаас өмнө хил давж нүүрс олборлосон асуудал байсныг шийдэж, улмаар хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаагаа хариуцсан удирдлагууд нь хэлжээ.

Уулзалтад алга ташуулахад ч учир бий. Нэгийнх нь эсрэг нөгөөг нь дайсан болгож, өөрөө дайсныг илрүүлсэн баатар болох гэдэг хандлага нийгэмд тренд шахуу болжээ. Л.Энхболдын намын гишүүдийн авлига, шударга бусын тэмцлийн зорилгыг энд үгүйсгэхгүй, харин ч дэмжинэ. Тэгэхдээ ариун зорилгодоо хүрэхийн тулд аргаа зөв сонгоосой л гэх гэсэн юм.

Зураг