Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөх шүдэт” (Bluetooth) хааны эрдэнэсийг илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Германы хойд нутгаас 13 настай хүү, археологи сонирхогч хоёр Даний эзэн хаан Харалд “Хөх шүдэт”-ийн эрдэнэсийг санамсаргүй илрүүлжээ.

Археологи сонирхогч багш Рене Шон, түүний сурагч Лука Малашниченко нар өнгөрсөн нэгдүгээр сард хойд Рюген арал дээр металл илрүүлэгчээр эрдэнэс хайж яваад нэгэн төмөрлөг эд олсон байна.

Эхэндээ хөнгөн цагаан гэж бодож байсан зүйл нь сүүлд шалгахад мөнгө байжээ. Ингээд өнгөрсөн амралтын өдөр археологичид 400 метр.кв талбайд малтлагын ажил эхэлсэн байна.

Малтлагын эхний үр дүнд 958-986 онд Данийг нэгтгэн захирч байсан “Хөх шүдэт” хочит Харалд Гормссон хааны нуусан эд зүйлсийг илрүүлжээ.

Гоёл чимэглэл, хүзүүний зүүлт, бөгж, 600 орчим зоос эндээс илэрсэн байна. Тухайн үеийн Дани улс нь өнөөдрийн Даниас гадна Германы хойд хэсэг, Шведийн өмнөд хэсэг, Норвегийн хэсгийг нэгтгэсэн байжээ.

Зооснуудын хамгийн эртнийх нь 714 оны Дамаскийн дирхам байгаа бол хамгийн сүүлийнх нь 983 оны Даний пени байгаа гэнэ.

Эдгээр үнэт зүйлсийг “Хөх шүдэт” хаан 980-аад онд Помераниа (зүүн хойд Европ) руу зугтахдаа нуусан гэж археологичид үзэж байна. Хаан 987 онд тэнд нас баржээ.

“Хөх шүдэт” Харалд нь Данийг нэгтгэсэн гавьяатай хаан юм. Викингийн удамт тэрбээр Скандинавын иргэдийг уламжлалт шашин шүтлэгээс нь салгаж, Загалмайн шашинд оруулсан түүхтэй. Сүүлд түүний хүү Свен Габелбарт бослого гаргаснаар хаан Помераниа нутагт дүрвэсэн юм.

Помераниа нь одоогийн Польш, зүүн Германы хойд хэсэг газар ажээ.

“Хөх шүдэт” хааны нэр өнөөдөр гар утас, компьютеруудыг холбоход хэрэглэдэг Bluetooth технологийн нэр болж үлдсэн бөгөөд Bluetooth-ийн лого нь энэхүү хааны HB (Harald Bluetooth) нэрний эхний үсгүүдийн эртний бичээс юм.

 

Эх сурвалж: The Guardian