Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистанаас иргэд нь дүрвэж, эрх баригчид тэднийг хүчээр зогсоож байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Ашгабатын олон улсын нисэх буудал

Сүүлийн үед Туркмений нийслэл Ашгабатын олон улсын нисэх буудал дээр тасалбар, визтэй мөртлөө үл мэдэгдэх шалтгаанаар онгоцонд суух эрхгүй болсон олон тооны иргэд өдөр бүр гомдол, эсэргүүцлээ илэрхийлэх болжээ.

Тэд бүгд Туркийн Истанбул, эсвэл АНЭУ-ын Дубай хотод ажил хөдөлмөр эрхлэхээр явж байгаа юм.

Дараах видео дүрснээс зарим иргэд хэрхэн уур бухимдлаа илэрхийлж байгааг харж болно.

Ажилгүйдлын түвшин 50 орчим хувьд хүрч, инфляц эрчимтэй нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгаагаас иргэд олноор гадагш явах болжээ.

Өдөр бүр нисэх буудлын Үндэсний Цагаачлалын Албаны төлөөлөгчийн үүдэнд олон хүн дугаарлаж, яагаад онгоцонд суух эрхгүй болсноо лавлаж байна.

Албаныхан тэдэнд “хар жагсаалт”-д нэр нь орсныг хэлэхээс өөр тайлбар өгөхгүй байгаа гэнэ. Мөн олон удаа Туркменистанаас гарахыг оролдсон иргэдтэй тагнуулын албаныхан уулзаж, анхааруулга өгч байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Туркменистан улс 1997 онд олон улсын чөлөөтэй зорчих конвенцид нэгдэн орсон тул эрх баригчдад иргэдийн аялалыг хориглох эрх байхгүйг шинжээчид хэлж байна. Үүнээс гадна Туркмений хуулинд иргэдийг эх орноосоо чөлөөтэй гарах болон нэвтрэх эрхийг баталгаажуулсан байдаг гэнэ.

Ажил хайхаар явдаг гол чиглэлүүдийг хааснаар иргэд хөрш Узбекистан, Казахстанаар дамжиж явдаг болсон байна. Мөн нисэх буудлын албаныханд $300-ын хээл хахууль өгвөл Истанбулыг зорих онгоцонд сууж чаддаг гэнэ.

Харамсалтай нь тасалбараа арай гэж авсан иргэдэд ийм хэмжээний мөнгө авлигад өгөх чадал байхгүй байгаа юм.

Нэгэнт хил давсан иргэд Туркменистанд буцах хүсэлгүй, эх оронд нь амьдрах арга байхгүй байгааг хэлж байна.

Гэвч ард үлдсэн гэр бүлийнхнийг нь Туркмений тагнуулын албаныхан дарамталж, буцаж ирүүлэх оролдлого хийдэг болсон нь тэдний хувьд шинэ зовлон болоод байгаа гэнэ.

Бас эрх баригчид тэднийг санхүүгийн аргаар дарамтлах болсон байна. Тухайлбал Туркмений Внешэконом Банк өнгөрсөн оноос эхлэн иргэдийн гадаад валютын гуйвуулгыг хориглож эхэлжээ.

Гадаадад суралцах иргэдээсээ ч ажил хийхгүй, зөвхөн суралцана, дараа нь эх орондоо эргэж ирнэ гэсэн амлалтыг эрх баригчид бичгээр авдаг болсон байна.

Гэвч Туркменд эргэж ирсэн шинэ боловсон хүчинд ямар ч ирээдүй байхгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty