Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппин гэрийн үйлчлэгчид цэвэрлэгээний бодис хүчээр уулгасан хэрэг Саудын Арабт гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабт ажиллаж байсан гэрийн үйлчлэгчид ажил олгогч нь хүчээр цэвэрлэгээний бодис уулгасан хэрэг гарсан тухай Филиппиний гадаад харилцааны яам өчигдөр мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ухаангүй болсон гэрийн үйлчлэгч Агнес Мансиллаг Саудын Арабын баруун өмнөд хэсгийн Жизан хотын эмнэлэгт хүргэж, гэдэс доторт нь хагалгаа хийсэн байна.

“Бид Жизан хотын эрх баригчидтай холбоотой ажиллаж, Агнес Мансиллагийн хэргийг шударгаар шийдүүлэхийг зорьж байна” гэж гадаад харилцааны яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Үйлчлэгч эмэгтэйн биеийн байдал тогтворжиж, түүнийг гэртээ ажиллуулж байсан эмэгтэйг цагдаа нар баривчилсан байна.

Мансилла нь 2016 оноос хойш Саудын Арабт ажиллаж байгаа ба ажил олгогчдоо хэд хэдэн удаа зодуулж, цалингаа хугацаанд нь авч чаддаггүй байсан тухай Саудын Араб дахь Филиппиний консул мэдээлжээ.

Энэ хэрэг нь Ойрх Дорнодын орнуудад Филиппин ажилчинтай зүй бусаар харьцсан сүүлийн тохиолдол болж байна. Хоёрдугаар сард Кувейтэд нэгэн гэрийн үйлчлэгч ажил олгогчдоо алагдсан хэрэг гарч Филиппин, Кувейтын харилцаанд асуудал үүсч байв.

Улмаар Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ Кувейтэд ажилчин гаргахыг хориглосон шийдвэр гаргасан юм. Ойрх Дорнодын орнуудад нийтдээ 2 сая филиппин хүн ажилладаг гэгддэг.

 

Эх сурвалж: AFP