Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын ZTE компанид АНУ долоон жилийн хориг тавилаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ZTE компанийн экспортыг, мөн тус компанид эд анги нийлүүлэхийг Америкийн компаниудад хориглох шийдвэрийг Вашингтоны эрх баригчид өчигдөр гаргажээ.

Эдийн засгийн хоригт байгаа Иран улсад нууцаар тоног төхөөрөмж нийлүүлж байсан нь шалгалтаар илэрсэн тул долоон жилийн хугацаатай шийтгэл оноож байгаа юм байна.

АНУ-ын Иранд тавьсан хоригийг зөрчиж, хэдэн зуун саяын үнийн дүнтэй рутер, микропроцессор, сервер зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлснээ ZTE компани хуурамч тайлангаар нуун далдалж байсныг илрүүлжээ.

Вашингтоны энэ шийдвэр худалдааны дайны ирмэгт ирээд байгаа хоёр улсын харилцааг улам хүнд байдалд оруулж байна.

ZTE бол Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч хамгийн том нээлттэй компани бөгөөд дэлхийн зах зээлд хүрэх Бээжингийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгчдийн нэг юм.

Тус компани 5G технологийн дэд бүтцийг түрүүлж нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдэж байв. Гэвч АНУ-ын Qualcomm, Micron зэрэг компаниудын чип, эд ангигүйгээр энэ зорилгод хүрэхэд бэрх юм.

АНУ-ын худалдааны яамны мэдэгдлийн дараа ZTE-д эд анги нийлүүлэгч компаниудын хувьцааны үнэ унаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post