Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

100 айл дахь ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсооно, лангуунууд хэвээр байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлыг судлах Ажлын хэсгээс өнөөдөр худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг, болон лангуу түрээслэн ажиллуулдаг иргэд "Бидэнтэй огт уулзаагүй байж, уулзсан мэтээр олон нийтэд мэдээлэл цацаж байна. Бидний байр суурийг огт сонсохгүйгээр 100 айл орчмыг шинэчлэх гэлээ" хэмээн бухимдалтай уулзалтыг эхлүүлсэн ч НИТХ-ийн төлөөлөгч Ч.Гантулга "Ажлын хэсгийн зүгээс 100 айл орчмыг гурван үе шаттайгаар шинэчлэхээр төлөвлөж байгаа. Лангуунуудыг хаахгүй" гэснээр уулзалтын уур амьсгал зөөлөрсөн юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Ингээд талуудын байр суурийг хүргэж байна.

"Худалдаа эрхлэгчдийнхээ эрх ашгийг хөндөхгүй"
 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ийн төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга "Өнөөдрийн уулзалт бол худалдаа эрхлэгчидтэйгээ ойлголцох, 100 айл орчмын орчин нөхцөлийг сайжруулахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцоход чиглэнэ. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад л байгаа. 100 айлд байгаа лангуунуудыг хаахгүй. Харин орчин, дэд бүтцийг сайжруулах боломжийг хайж байна. 

Өнөөдөр 100 айл орчимд тулгамдаад байгаа асуудлуудыг дурдвал зам, зогсоол, тохижилт, хөрсний бохирдол гээд хөвөрнө. Асуудал байгааг 20-иод жил ярьж байгаа ч ямар нэгэн юм хийхгүй байсаар байгаа. Тиймээс бүгдээрээ ярилцаад асуудлуудаа шийдэх гарц гаргалгааг олно гэдэгт би итгэлтэй байна. Бидний зүгээс боловсруулсан төлөвлөгөөгөөр гурван үе шаттай ажлыг хэрэгжүүлэхдээ худалдаа эрхлэгчдийнхээ эрх ашгийг хөндөхгүй.

Харин сүүлийн хэдэн жилд эрчимтэй нэмэгдсэн ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, дараагийн шатанд орчин үеийн томоохон худалдааны төвтэй болмоор байна" гэлээ.

"Ил задгай худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох цаг болсон"
 
Гэрэл зургийг mpa.mn

Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Д.Лхамсүрэн "Би энэ хуралд хоёр компанийн ажилтан албан хаагчид, лангуу түрээслэгчдийг төлөөлж оролцож байна. Хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллуулдаг хоёр компани маань 150 орчим ажилтантай. Манай компани 24 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бидний байр суурийг сонсох гээд өнөөдөр уулзалтад урьсанд баярлаж байна. Та бүхний хийх гэж байгаа ажлыг би дэмжиж байна. 

Сүүлийн 2, 3 жилийн хугацаанд 100 айлыг нүүлгэн гэх цуу яриаг төрөл бүрээр сонслоо. Бид орчноо тохижуулах чиглэлээр ажлууд хийдэг. Тухайлбал, гурван жилийн өмнө замын зүүн талын 33 дэлгүүрийн дулаан, цэвэр бохир усны шугамыг сольсон. 4,000 м/кв талбайг асфальтаар бүрсэн. Энэ ажлуудаа өөрсдийнхөө хөрөнгөөр хийсэн. Манай тэр хавьд хамгийн асуудалтай зүйлсийн нэг нь жорлонгийн асуудал байдаг. Хотоос нэг жорлон барихдаа хаа байсан урд барьчихсан. Уг нь жоохон хойно барьсан бол их зөв байрлалтай болох байлаа. Худалдаа эрхлэгч бидний зүгээс орчноо тохижуулах ёстой гэдэгтэй 100 хувь санал нэг байна. 

Ер нь бол одоо 100 айлд лангуу түрээсэлж худалдаа эрхэлдэг хүмүүс биш гадна талбайд ямар ч зөвшөөрөлгүй ил задгай худалдаа хийдэг хүмүүс илүү ашигтай ажиллаж байна. Ил задгай худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох цаг болсон" гэв. 

100 АЙЛЫН ТӨВЛӨРСӨН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АСУУДЛЫГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГА

/Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой/