Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампыг ерөнхийлөгч байх ёс суртахуунгүй, эмэгтэй хүнийг “хэсэг мах” гэж хардаг хүн гэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Холбооны Мөрдөх Товчооны дарга асан Жэймс Коми өнгөрсөн онд албан тушаалаасаа огцорсноосоо хойш анх удаа телевизийн сувагт томоохон ярилцлага өглөө.

Өөртэй нь холбоотой хэргийг шалгаж эхэлсэн тул түүнийг Дональд Трамп албан тушаалаас нь огцруулсан гэдэг. Ням гарагийн үдэш ABC News сувагт ярихдаа Коми Трампыг “Ерөнхийлөгч байх ёс суртахуунгүй хүн” гэж тодорхойлжээ.

“Манай ерөнхийлөгч энэ улс орны үнэт зүйлсийг хүндэлдэг, дагадаг хүн байх ёстой. Хамгийн чухал нь үнэний талд байх ёстой. Харин энэ ерөнхийлөгч маань тийм хүн биш юм” гэж Коми цааш нь ярьсан юм.

Түүний бичсэн “A Higher Loyalty: Truth, Lies and Leadership” нэртэй дурсамж ном Мягмар гарагт худалдаанд гарах гэж байгаа. Уг номонд Дональд Трампын тухай таагүй баримтууд багтсаныг хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Трамп Комиг “худалч”, “шоронд хоригдох ёстой хүн” гэх мэтээр твиттер хуудсаараа довтолж байсан юм.

Коми бас Трампыг зөвхөн өөртөө үнэнч хүмүүсээр тойрон хүрээлүүлдэг нь мафийн боссын зарчимтай адил төстэй гэж хэлжээ. Ингэхдээ тэр анх прокурорын ажлаас хөдөлмөрийн гараагаа эхэлж байхдаа шалгаж байсан мафийн босстой жишиж ярьсан байна.

Мөн Дональд Трамп эмэгтэй хүмүүстэй ердөө “сэксийн хэрэглүүр”, “бөөн мах” мэт харьцдаг тухай Жэймс Коми ярьжээ.

Эцэст нь тэр “Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулснаар Америкчуудын асуудал шийдэгдэнэ гэж би бодохгүй байна. Харин сонголт хийхдээ хариуцлагатай хандах хэрэгтэй байгааг анхааруулах нь миний зорилго” гэж хэлсэн юм.

 

Эх сурвалж: BBC