Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямдаваа: Мал бүхий иргэдэд сугалааны журмаар газар олгоно

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д. Нямдаваатай ярилцлаа.

-Газар өмчлөх хуга-цаа ирэх сарын 1-нээр дуусгавар болж байгаа учир үүнээс хойш 0.07 га газрыг есөн сая төгрөг төлж өмчилж авах боломжтой гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой газрын албадын ачаалал эрс нэмэгдсэн байна лээ. Нийслэлийн газрын албанаас Газар зохион байгуулалт, геодиз зурагзүйн газарт энэ асуудлаар санал хүргүүлсэн. Ямар шатандаа яваа юм бол?

-Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Эндээс ямар шийд гарахаас хамаарч цаашид авах арга хэмжээ тодорхой болно.

-Тэгэхээр ирэх сарын 1-нээс есөн сая төгрөгөөр худалдаж авна гэдэг нь үнэн гэсэн үг үү?

-Хэрвээ хаврын чуулганаас хуулийн хэрэгжилтийг тавдугаар сарын 1 -нээр дуусгавар болно гэж үзвэл мөнгөө төлөөд авахаас өөр аргагүй болох байх. Гэхдээ энд нэг зүйл бий. Юу вэ гэхээр, 2003-2018 оны хооронд Нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 192,138 иргэн 10 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан байна.

Эдгээрээс суурьшлын бүсэд 128,798, цахим хэлбэрээр 69,836, ногоон бүс буюу зуслангийн газраа 1,001 иргэн газар өмчилсөн. Мөн хуулиараа өмчилсөн талбайг үнээр нь өмчилж авсан 503 иргэн бий. Ингээд тооцохоор Монгол Улсын хүн амын ердөө 10 хувь нь газар өмчилж авсан байгаа биз. Энэ утгаараа хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох болов уу.

-Тэгвэл иргэд уужуу амьсгаа авч болох нь ээ.

-Бас тэгж хэлж болохгүй байх аа. Хуулийн дагуу улсаас нэг удаа үнэгүй олгож байгаа газрыг аль болох хурдхан өмчилж авсан нь дээр шүү дээ. Ядаж л хожим гарах үр дагавраа бодоод үзсэн ч иргэдэд ашигтай хувилбар. Тиймээс өөрийн амьдарч байгаа газраа өмчилж авахад идэвх санаачилгатай бай гэж хэлмээр байна. Дээр нь газар өмчлөх аяны хүрээнд өмчлөлийн мэргэжилтнүүд айлуудтай очиж уулзсан. Зарим иргэний материалыг өөрсдөө хүртэл бэлдэж өгсөн. Өөрсдийнх нь төлөө ингэж сэтгэл гаргаж ажиллаж байхад иргэд ч гэсэн идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй.

-Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой газрын татвар нэмэгдсэн. Гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр шилжүүлэхэд татваргүй, харин бусад иргэнд нэр шилжүүлэхэд 0.07 хүртэл га газарт 200-400 мянган төгрөгийн татвар оногдуулж байна гэсэн. Нэг метр квадрат талбайд хэдэн төгрөгийн татвар ногдуулж байгаа юм бэ?

-Татвартай холбоотой нарийн мэдээллийг Татварын ерөнхий газраас авах хэрэгтэй. Иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.07 га хүртэл хэмжээтэй газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх ёстой. Түүнээс бусад зориулалттай газрыг дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх ёстой гэж хуульд заасан. Татварын тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр газрын татвар нэмэгдсэн. Гэхдээ татварын мөнгөн дүнг бид биш татварын албадынхан өөрсдийн бодох ёстой томьёоллоор бодож гаргаж байгаа.

Тиймээс иргэний гэр бүлийн зориулалттай газрын үнэлгээг хэдэн төгрөгөөр тогтоосны үндсэн дээр татвар авч байна вэ гэдгийг эцэслэн тогтооё гэж хамтарсан зөвлөгөөн хийх хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодиз зураг зүйн газраас Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байгаа. Эндээс тодорхой чиглэлтэй болох байх.

-Мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргах захирамжаар нийслэлээс нүүхгүй бол торгуультай гэсэн. Газрын байршил тогтоосон ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар малчид нүүхээс татгалзаж байх шиг байна. Дэд бүтцийг шийдэхэд нийслэлээс хөрөнгө гаргана. Мөн захирамжийг нийслэлийн нэр дээр гаргана гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 119 дүгээр тогтоолоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг тогтоож өгсөн. Үүний дагуу хориглолтын бүсийг тогтоож, малтай иргэн, аж ахуйн нэгжийн судалгаа хийсний үндсэн дээр шилжүүлэх байршлыг тогтоосон. Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Багануур, Багахангай гэсэн дүүргийн 11 байршилд суурьшуулах төлөвлөгөө бий.

Малчдын хувьд “Бид нүүж болно. Гэхдээ ямар ч дэд бүтэц алга. Ядаж малаа хаанаас услах вэ. Цахилгаанаа хаанаас татах вэ. Дэд бүтэц очсоны дараа нүүж очно” гэдэг шаардлага тавьсан учир Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, эхний гурван байршлыг цахилгаанаар хангаж, худаг гаргах ажлыг эхлүүлэхээр болсон. Үүний тулд нэн түрүүнд техникийн нөхцөл гаргах ёстой.

Ингэхийн тулд газар эзэмших гэрчилгээтэй байх ёстой. Гэтэл дэд бүтэц очсоны дараа малчид нүүж очно гэхээр хугацаа орж таарна. Тиймээс нийслэлийн Засаг дарга захирамжаар эхний ээлжид гурван байршлын газрын зөвшөөрлийг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны нэр дээр энэ сарын 6-ны өдөр гаргасан.

-Гурван байршил нь хаана, хаана вэ?

-Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны Ногоон толгойд 51 га, Нарийны хэсэгт 37 га. Гурав дахь нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Арцатын аманд 58 га газарт ээлжид тог цахилгаанаар хангах, худаг гаргах ажил хийгдэнэ.

-Нийслэлийн Захирагчийн ажлын албаны нэр дээр хэдэн жилийн хугацаатай захирамж гаргасан бэ?

-Таван жилээр захирамж гаргасан. Энэ хугацаанд малчид суурьшчихвал захирамжийг хүчингүй болгоод тухайн иргэний нэр дээр газрын гэрчилгээ олгож эхэлнэ.

-Нэгэнт байршлаа сонгочихсон, дэд бүтэц татах нь тодорхой болсон юм бол иргэдэд гэрчилгээг нь олгож болохгүй юм уу?

-Та ч, би ч сайн мэдэж байгаа. Газар олгоно гэхээр хаа дуртай газраа хашаа хатгадаг. Ингэхээр өнөө л ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүй гэр хорооллын гудамж үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлсэн нь энэ. Дараагийн нэг алхам нь тухайн байршилд тухайн дүүргийн иргэн суурьших давуу эрх олгоно.

Яагаад гэвэл, Сонгинохайрхан дүүргийн Баруун салаанд амьдардаг байсан мал бүхий иргэн Багахангай дүүрэг рүү нүүх сонирхол бага байж таарна. Харин ч түүнийхээ оронд Нарийны ам руу нүүхийг чухалчилна шүү дээ. Тиймээс дүүргийн Засаг дарга нь иргэдээсээ санал авсны үндсэн дээр сугалааны аргаар газар хуваарилах юм.

-Тэгэхээр “Би энэ газар дээр хашаа хатгана” гэсэн ойлголт байхгүй гэсэн үг үү?

-Яг тийм. Жишээлбэл, 57 га талбайд төлөвлөлт хийгээд хэчнээн айлд эзэмшүүлэх боломжтой байна гэдгийг гаргасан. Энэ тоонд таарсан өрхийг л тэнд сугалаагаар байршуулна. Тэгэхгүй бол иргэд газраа булаацалдана, барьцана гээд асуудал үүснэ.

-Сугалааг цахимаар явуулах уу?

-Тухайн дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсны үндсэн дээр цаасан хэлбэрээр зохион байгуулах байх.

-Цахимаар газар өмчлөхөд сансрын зургаар төлөвлөлт хийснээс болж зарим айлын газраас хиргисүүр гарч ирэхээс эхлээд олон айлын газар гуу, жалганы аман дээр таарсан. Мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх байршлын төлөвлөлтийг газар дээр нь очиж хийсэн үү?

-Яг газар дээр нь очиж хэмжилт хийсэн. Хэдэн эгнээ гудамж байх уу гэдгээс эхлээд дэд бүтэц, төлөвлөлтийн зураг гаргаж ажилласан учир санаа зовох хэрэггүй.

-Дэд бүтэц татахад хэдэн төгрөгийн төсөв баталсан бэ?

-Захирагчийн ажлын албанаас тухайн үед нь хангагч байгуулагчаар гүйцэтгүүлж ажиллана. Төсвийн талаарх мэдээлэл надад алга.

-Удахгүй 29 байршилд дуудлага худалдаа зохион байгуулна гэсэн. Дуудлага худалдааны анхны үнийг зах зээлийн ханшид дөхүүлсэн гэсэн. Хэдэн га талбайгаас хэдэн төгрөгийн төсөв бүрдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Газар ашиглах эрхийн эзэмших нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 20-нд зохион байгуулна. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур гэсэн зургаан дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аж ахуйн нэгж, аялал жуулчлал, орон сууц, зочид буудлын зориулалтаар нийт 29 байршилд 134 га талбайг дуудлага худалдаагаар худалдана. Жагсаалтыг нь байгууллагын цахим хуудаст байршуулсан.

Энэ удаагийн дуудлага худалдааг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 15-нд баталсан үнэлгээний аргачлалаар явуулахаар төлөвлөснөөр онцлогтой. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэт өндөр байсан үнийг бууруулж, зах зээлийн ханшинд тохируулсан. Өнгөрсөн жил хотын нэгдүгээр бүс дэх газрын үнэ метр квадрат нь 220 мянга байсан бол үүнийг 142 мянга болгож бууруулсан. Эдгээр байршлаас 6.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байгаа.

-Ногоон байгууламжийг хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг хийж, хашаа буулгана гэсэн. Энэ ажил хэр ахицтай явна вэ. Энэ жилээс эхлэх үү?

-Яг энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс Ойн тухай, Усны тухай, Газрын тухай хууль зөрчсөн иргэдийн мэдээллийг нэгтгэж, судалгаагаа гаргах юм. Энэ хүрээнд дүүргүүдийн газрын албанаас ирүүлсэн мэдээг нэгтгэж байна. Даваа гариг гэхэд бараг бэлэн болчих байх. Бэлэн болсон тохиолдолд НМХГ, ОБЕГ-тай хамтарч зөвшөөрөлгүй хашаа буулгах ажлыг эхлүүлнэ.

-Уулын амыг хашаалсан аж ахуйн нэгж, иргэнийг асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Үүнийг дотор нь ялгаж салах хэрэгтэй. Тусгай хамгаалалттай газрыг нийслэл мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдийн мэдлийн асуудлаа эхлээд шийдэх гэж үзнэ дээ.

-Зуслангийн уулын ам болгоныг хэн нэгэн эрх мэдэлтэй хашаалсан. Үүнийг буулгуулж чадах болов уу?

-Хуулийн хэрэгжилтээ хангаж ажиллахыг хичээнэ. Мэдэгдэл өгнө. Хариу өгөхгүй бол хуулийн хүрээнд арга хэмжээ авна.

Зураг