Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп үгээ зөөлрүүлж, Орос дайн дэгдэхэд ойрхон байгааг анхааруулав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ хуралдаж, Сирийн засгийн газрын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хувилбаруудыг хэлэлцсэн байна.

Лхагва гарагт Трамп Сирид пуужингийн цохилт өгөхөө зарлаж, Оросуудад “бэлтгэлтэй байх”-ыг сануулсан нь Орос, Өрнөдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэх эрсдлийг нэмэгдүүлсэн юм.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Сирийн Доума хотод Башар Аль Ассадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзээд Өрнөдийн орнууд шийтгэлийн арга хэмжээ төлөвлөж байгаа.

Харин өчигдөр Трампын үг нэлээд зөөлөрсөн байв.

Тэр “Би Сирид хэзээ цохилт өгөх хугацааг огт хэлээгүй. Ойрын үед эсвэл тийм хурдан хэрэгжихгүй ч байж магадгүй!” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Өчигдрийн уулзалтын дараа Цагаан ордон Сирид өгөх цохилтын “эцсийн шийдвэр гараагүй” гэж мэдэгдсэн байна. “Бид тагнуулын мэдээллийг үргэлжлүүлэн шинжилж, холбоотнуудтайгаа хэлэлцэж байгаа” гэж мэдэгдэлд бас дурджээ.

Өчигдөр орой Трамп Фрацын ерөнхийлөгч, Британий ерөнхий сайдтай утсаар ярихаар төлөвлөсөн байна. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон үүнээс өмнө Сирид химийн зэвсэг хэрэглэснийг батлах баримт өөрт нь байгааг мэдэгдэж байсан юм. 

Өчигдөр Сирийн арми зэвсэгт бүлэглэлүүдээс чөлөөлсний дараа Оросын армийн цагдаагийн хүч Доума хотод нэвтэрсэн байна. “Тэд хотод хууль, дэг журам сахиулах үүрэгтэй ажиллаж байна” гэж Оросын батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

НҮБ-д суугаа Оросын төлөөлөгч Василий Небензя өчигдөр ОХУ-АНУ-ын хооронд дайн дэгдэхэд ойрхон байгааг сануулаад Вашингтон болон түүний холбоотнуудыг Сирид цохилт өгөхөөсөө өмнө шийдвэрээ эргэж харахыг анхааруулжээ.

Тэрээр “Нэн тэргүүнд дайн дэгдэхээс зайлсхийх нь чухал байна. Хэрвээ байдал нэгэнт хүндэрвэл буцаах боломжгүй болно” хэмээн ярьсан юм.

Үүнтэй зэрэгцээд Нидерландад төвтэй Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын мэргэжилтнүүд Сирийг зориод байгаа ба ирэх Бямба гарагт ажлаа эхэлнэ гэж тус байгууллагаас мэдээллээ.

Тэдний дүгнэлтийг Трамп болон холбоотнууд нь хүлээх үү, эсвэл түрүүлж цохилт өгөх үү гэдэг нь тодорхойгүй байна. 

 

Эх сурвалж: Reuters