Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тереза Мэй Сирид цохилт өгөх асуудлаар засгийн газраа хуралдуулна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Британий ерөнхий сайд Тереза Мэй засгийн газрын шуурхай хуралдаан зарлажээ. Тэрээр гол сайд нараа цуглуулж, Сирийн дэглэмд цохилт өгөх төлөвлөгөөгөө хэлэлцэж батлах зорилготой гэнэ.

АНУ, Франц хоёр энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсний шийтгэл болгож Башар Аль Ассадын дэглэмд цохилт өгөхөөр тохирооод байгаа. Тэгвэл Их Британи энэхүү ажиллагаанд нэгдэхийн тулд парламентаасаа зөвшөөрөл авалгүйгээр шийдвэр гаргах гэж байна.

Химийн хориотой зэвсгийг хэрэглэсэн хангалттай баримт байгаа тул Өрнөдийн холбоотнуудтай нэгдсэн цэргийн ажиллагааг шуурхай эхлүүлэхэд парламентын зөвшөөрөл шаардлагагүй гэж Мэй үзэж байгаа юм.

Хэрвээ засгийн газрын хуралдаан шийдвэрээ гаргавал Сирийн дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаанд хэдхэн цагийн дотор бэлдэж эхлэнэ гэж засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сири рүү пуужин харвахаар бэлдэж байгаагаа твиттер хуудсандаа мэдэгдсэн юм. Харин химийн зэвсэг хэрэглэсэн гэх баримтыг эрс няцааж байгаа Москвагийн эрх баригчид АНУ-ыг олон улсын шинжээчид Доума хотод хүрэхээс өмнө баримтыг устгахаар улайрч байна гэж буруутгажээ.

Өнгөрсөн Бямба гарагт зүүн Гута дахь Доума хотод засгийн газрын эсрэг тэмцэгчдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсний улмаас 70 орчим хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн хордсон гэсэн мэдээлэл тараад байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today