Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Харханд буруугаа чихсэн цагдаа нар ажлаасаа халагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Аргентины нэгэн хотын цагдаагийн газарт гэмт хэргийн баримт болгон хадгалж байсан хагас тонн гаруй марихуана төрлийн мансууруулах бодис ор сураггүй алга болжээ.

Цагдаа нар алдагдсан баримтыг хархнууд идсэн гэж мэдүүлсэн байна. Албаныхан энэ тайлбарыг мэргэжлийн шинжээчдээр дүгнүүлэхэд цагдаа нар худлаа хэлсэн нь батлагджээ. Хархнууд марихуанаг хүнс болгож идэх боломжгүй, хэрвээ тэгсэн бол үхэх ёстой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Гэтэл цагдаагийн газраас үхсэн харх ганц ч олдоогүй гэнэ.

Ингээд Буэнос Айрес хотын аюулгүй албаны дарга Кристиан Ритондо худлаа мэдүүлэг өгсөн найман цагдаагийн офицерыг ажлаас нь халах шийдвэрийг Мягмар гарагт гаргажээ.

Ирэх тавдугаар сард тэднийг гэмт хэргийн баримтыг зохих ёсоор хамгаалж чадаагүй хэргээр шүүх хурал болох гэнэ. Нийслэл Буэнос Айресаас 56 км зайтай байдаг Пилар хотын цагдаагийн газарт хадгалагдаж байсан нийт 6 тонн мансууруулах бодисоос хагас тонн орчим нь алга болсон хэрэг өнгөрсөн онд анх илэрч байжээ.

 

Эх сурвалж: USA Today