Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийг дахин агаараас довтлохгүй байхыг Путин Израйлиас шаарджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьж, Сирид дахин агаараас цохилт өгөхгүй байхыг анхааруулжээ.

Өнөөдөр Кремлийн хэвлэлийн алба хоёр удирдагчийн хооронд яриа болсныг баталсан байна. Путин Сири улсын газар нутгийн бүрэн бүтэн, тогтвортой байдлын чухлыг онцолж дахин ийм үйлдэл хийхгүй байхыг Нетаньяхугаас хүссэн гэнэ.

Энэ долоо хоногийн эхээр Сирийн Хомс дахь агаарын баазад агаарын довтолгоо болж, доод тал нь 14 хүн алагдсан юм. Оросын тал үүнийг Израйлийн халдлага гэж үзэж байгаа бол Израйлийн тал хүлээн зөвшөөрсөн, эсвэл няцаасан мэдэгдэл огт хийгээгүй байгаа ажээ.

Харин Нетаньяху Сири дэх Ираны цэргийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй, Ираны цэрэг зэвсгийн тоо нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ Путинд хэлсэн тухай Израйлийн засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Оросын тал Сирийн засгийн газрыг дэмжиж байгаа бол Израйль улс Ираны цэрэг зэвсгийг Сириэр дамжин өөрийн хилд тулж ирэхээс болгоомжилж байгаа юм.

Путин, Нетаньяху нар сүүлийн хэдэн жилийн турш найрсаг харилцаатай байж, Сирид өөрсдийн армийг зөрчилдөхөөс сэргийлсээр ирсэн.

Харин өчигдөр утсаар ярьсан явдал нь хоёр удирдагчийн хооронд зөрчил үүсч эхэлснийг харуулж байж магадгүй юм.

 

Эх сурвалж: Business Insider