Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын арми Сирийг чиглэсэн АНУ-ын тэнгисийн хөлгийг хянаж байгаагаа мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодыг чиглэн яваа АНУ-ын тэнгисийн флотын бүлгийг ажиглаж, Сирийн орчмын нөхцөл байдлыг анхааралтай хянаж байгаагаа Оросын армийнхан өчигдөр мэдэгджээ.

Өнгөрсөн Мягмар гарагт нисэх онгоц тээвэрлэгч USS Harry S.Truman тэргүүтэй цохилтын бүлэг Европ болон Ойрх Дорнодыг чиглэн хөвж явааг АНУ-ын тэнгисийн флот зарласан юм.

Энэхүү бүлгийг тавдугаар сарын эхээр Ойрх Дорнодод хүрэхээр байгааг Оросын арми мэдээлсэн байна. “Бид Сири орчим болон энэ хавийн бүс нутгийн нөхцөл байдлыг бүхэлд нь анхааралтай ажиглаж байгаа” гэж ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Мэдэгдэлд мөн өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн анхааруулгад хариу өгсөн байна. Трамп өчигдөр Сирид удахгүй пуужингийн цохилт өгөх гэж байгаагаа зарлаж, Оросын талыг бэлэн байхыг сануулсан юм. “Сири руу харвах холбоотнуудын пуужингийн тухай ярихын оронд эвдэрч сүйдсэн Ракка хотыг сэргээн босгох, зовж шаналсан хүн ардад нь тусламж үзүүлэх талаар АНУ дорвитой алхам хийх хэрэгтэй байна” гэж Оросын тал уг мэдэгдэлд өгүүлжээ.

Сирийн Доума хотод үйлдэгдсэн гэгдэж байгаа химийн зэвсгийн довтолгоог Цагаан Дуулгатнууд байгууллага хуурамчаар зохион байгуулсан, Сирийн арми химийн зэвсэг хэрэглээгүй гэсэн тайлбарыг мөн мэдэгдэлд дахин дурдсан байна.

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Оросын армийн цагдаагийн хүч Доума хотод нэвтрэх ажээ.

 

Эх сурвалж: Reuters