Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк ашигтай ажиллажээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Монголбанк 2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Ингэснээр өмнөх онуудад хуримтлагдсан алдагдлын хэмжээгээ бууруулжээ.

Тодруулбал, 2012-2016 онуудад Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт хүрээд байсан бол өнгөрсөн онд ашигтай ажилласнаар тус алдагдлын хэмжээг 2.8 их наяд төгрөг болгож, бууруулсан байна.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурджээ.

Тэрбээр “Монголбанк хуримтлагдсан алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйн тулд сүүлийн 2 жилд эрчимтэй ажиллаж, арга хэмжээ авсан. Үүний үр дүнд Монголбанк 2017 онд ашигтай ажилласнаар хуримтлагдсан алдагдлын хэмжээгээ буурууллаа.  Үүнд юу нөлөөлсөн бэ? гэхээр гадаад валютын улсын албан нөөцийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүргэж, өмнөх оны мөн үеэс 3 дахин өсгөсөн.

Үүний тулд бид нэгдүгээрт, алт, мөнгө худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлэх шийдвэрийг гаргаснаар нийт худалдан авсан алт мөн онд 20.0 тоннд хүрэв. Энэ бол Монголбанк анх удаа ийм хэмжээний алт худалдаж авсан түүхэн өндөр үзүүлэлт шүү дээ. Алтны биет хэмжээний өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь алтны орлого нэмэгдэх, цаашилбал нөөц өсөхөд эерэг нөлөөллөө.

Хоёрдугаарт,  Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай” болон “Гэрэгэ” бондыг гаргахад Монголбанк хамтран оролцож амжилттай гаргасан нь нөлөөлсөн. Гуравдугаарт, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас 700 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирсэн.

Энэ бүхний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хувийн секторт гадаадын хөрөнгө оруулалт ч бас нэмэгдэв. Цаашдаа Монголбанк үйл ажиллагаанаас олох ашгаараа хуримтлагдсан алдагдлыг хааж, Төв банкны бие даасан хараат бус байдлыг сэргээхэд дэмжлэг болон ажиллана” гэжээ.