Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын удирдагчид алсын зайд нисэх онгоц байхгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сая цэрэгтэй арми, тив алгасах пуужинтай Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун удахгүй АНУ-ын ерөнхийлөгчтэй түүхэн уулзалт хийх гэж байгаа.

Гэвч дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ хүчирхэг хүнд шийдэхэд маш хэцүү асуудал байж магадгүйг судлаачид ярьж байна. Энэ бол агаарын хөлөг юм.

Ким Жон Унд үнэндээ Номхон далайг гаталж Хойд Америкт хүрэх, эсвэл Европт хүрэх алсын нислэгийн онгоц байхгүй гэнэ. Жорж Бушийн захиргаанд Солонгосын асуудал хариуцаж байсан тагнуулын төв газрын судлаач Сю Ми Тэрри “Тэдэнд байгаа Зөвлөлтийн үеийн хуучин онгоцнуудыг бид элэглэн шоолдог байсан” гэж дурсан ярьжээ.

Энэ байдлаасаа болоод Ким Жон Ун аль болох эх орондоо ойр газар уулзалтыг зохион байгуулахыг эрмэлзэж байж болзошгүй гэнэ. Харин сүр бадруулах дуртай Трамп түүхэн уулзалтыг Сингапур, Швейцарь, Швед зэрэг өндөр хөгжилтэй, АНУ-ын нөлөөнд байдаг улс орнуудад хийх сонирхолтой нь тодорхой.

Саяхан Ким анхны айлчлалаа төмөр замаар Хятадад хийсэн нь энэ байдлыг улам тодруулж байгаа юм.

Бас нэг хувилбар нь хол газар нутагт зорчихдоо Ким Өмнөд Солонгосын, эсвэл Шведийн нисэх онгоцыг ашиглах боломж гэж Бушийн үед үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан захирал асан Виктор Ча хэлсэн байна.

Гэхдээ үүнийг Ким хүсэхгүй, ингэх нь түүний хувьд ичгүүртэй хэрэг болно гэж тэр дүгнэжээ.

Хэрвээ Ким Жон Ун өөрийн нисэх онгоцоор ийм хол зайд нисвэл замдаа заавал түр зогсож, шатахуунаар цэнэглэх хэрэгтэй болно. Олон улсын хоригт ороод байгаа Хойд Солонгосын онгоцыг хүлээж авах улс олдоход хэцүү. Олдлоо ч ингэх нь Кимийн нэр хүндэд сэвтэй гэнэ.

Ким Жон Уны эцэг Ким Жон Ил нисэхээс айдаг байсан ба цөөн удаа Пёньянаас хол зорчихдоо зөвхөн хуягласан галт тэргээр явдаг байсан гэдэг.

Харин залуу Ким сүүлийн үед хуучинсаг эцэг дээдсийнхээ үеэс өөр шинэ хүн болохоо харуулах гэж янз бүрийн пиар хийдэг болсон.

 

2014 онд Хойд Солонгосын төв хэвлэл түүнийг Украинд үйлдвэрлэсэн дунд зайнд нисдэг АН-148 онгоцны жолооны ард сууж байгаа бичлэгийг үзүүлж байв.

Үүнээс хоёр сарын дараа Ким Жон Ун нэгэн тансаг дотоод засалтай онгоцны дотор суугаа гэрэл зураг тарсан юм. Хэвлэлүүд уг онгоцыг “Air Force Un” хэмээн хочилж байв. АНУ-ын ерөнхийлөгчийн “Air Force One” агаарын хөлөгтэй жишсэн хэрэг байв.

Шинжээчид уг онгоцыг Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн Илюшин-62 алсын зайн нисэх онгоц гэж тодорхойлсон юм. Тиймээс энэ онгоцны найдвартай байдал эргэлзээтэй гэнэ.

2016 онд Airways Magazine сэтгүүлийн Энрик Перрэла гадаадын 75 зорчигчийн хамт Хойд Солонгосын Air Koryo компанийн онгоцоор нисэж үзсэнээ дурссан байдаг.

Пёньянд түүнийг газардахад нисэх буудал дээр Air Koryo компанийн 20 орчим нисэх онгоц байсныг ярьсан байна. Нисэх буудалд эвдэрсэн, бүтээлгээр халхалсан хуучин онгоцнууд мөн байсан ба 21 дүгээр зууны онгоц гэвэл Оросын богино зайн нислэгийн онгоц л байсныг дурсжээ.

Харин Лондонд ажилладаг агаарын тээврийн сэтгүүлч Чарльз Кеннэди хэд хэдэн удаа Хойд Солонгост очихдоо Air Koryo-д Оросын 2010 оны хоёр Туполев онгоц байсныг мэдээлсэн байна. Энэ нь Боинг-757 онгоцтой нэг түвшний буюу 4,800 км зай туулах чадвартай гэнэ. Харин Пёньянаас Номхон далайг туулж Лос Анжелест хүрэхэд 9,500 км байдаг ажээ.

Харьцуулбал АНУ-ын ерөнхийлөгчийн “Air Force One” Boeing VC-25 нь 13,000 км замыг нэг цэнэглэлтээр туулдаг гэнэ.

Одоо Air Koryo компани олон улсын хоригоос болоод зөвхөн Хятад, Оросын цөөн хотууд руу нисдэг. Эдгээр нь Пёньянаас дунджаар 645 км зайтай гэнэ. Гэхдээ нисэх онгоц бол нарийн технологитой, байнгын арчилгаа үйлчилгээ шаарддаг. Үүнийг эдийн засгийн хямралд байгаа Хойд Солонгос хангаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

2014 онд Хойд Солонгосын дээрээсээ хоёр дахь түвшний албаны хүн Чой Рён Хэ Москва руу Ил-62 онгоцоор нисэж явах замд механикийн асуудал гарч замаасаа буцаж байжээ.

Мөн 2016 онд онгоцон дотор гал гарснаар Хятадын Шэньянд ослын буулт хийж байв. Жилийн дараа Туполев онгоцных нь далавчны хэсэг нислэгийн үеэр салж унаснаас ослын буулт гүйцэтгэж байжээ.

Яаж ийгээд Ким хаа нэгтээ Трамптай уулзахаар нисэж очиж чадлаа ч дараа нь буцаж чадах эсэхийг бурхан л мэднэ гэж нисэхийн мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

Эх сурвалж: The Washington Post