Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин гадаадын хөрөнгө оруулагчдад сайн мэдээ дуулгав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хятадын Хайнань аралд болж байгаа Боаогийн эдийн засгийн чуулган дээр тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпиний тавьсан илтгэл гадаадын хөрөнгө оруулагчдыг баярлуулжээ.

Тэр цаашдаа аж үйлдвэрийн салбарт төрийн зохицуулалтыг сулруулж, автомашин, тэнгисийн болон агаарын хөлгийн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлахаа амласан юм.

Тодруулбал гадаадын автомашинд оноодог импортын татвараа эрс бууруулж, Хятадад үйлдвэрлэл явуулах зорилгоор хөрөнгө оруулахад тогтоодог хязгаарлалтыг багасгахаар болжээ.

Одоогийн нөхцлөөр Tesla, General Motors, Ford, Volkswagen зэрэг гадаадын үйлдвэрлэгчид Хятадад үйлдвэрээ нээхийн тулд заавал дотоодын компанитай хамтрах, мөн эзэмшлийн хувиа хязгаарлуулах шаардлагатай тулгардаг юм. Үүнээс гадна автомашин импортлоход 25 хувийн татвар төлдөг байна.

Ши Жиньпин хэр хэмжээгээр хөнгөлөхөө мэдээлээгүй ч энэ нь гадаадын үйлдвэрлэгчдийн хувьд таатай мэдээ болж байгаа юм.

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск энэ мэдээг сонсоод “Хятадын энэ алхам маш чухал. Худалдааны дайнаас зайлсхийх нь бүх улс оронд ашигтай” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Тус компани Шанхайн ойролцоо үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн оны сүүлээр Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машин бий болоход 3 жил орчмын хугацаа хэрэгтэй байгааг Маск мэдээлж байв.

Асуудлын гол нь Хятадын тал хувь эзэмшлийг заавал дотоодын компанитай хуваалцахыг тулгаж байгаа бол Маск 100 хувь Tesla-гийн эзэмшилтэй компани байгуулах хүсэлтэй гэнэ.

Сүүлийн өдрүүдэд АНУ-Хятадын хооронд худалдааны дайн дэгдэхэд ойрхон болоод байгаа. Тэгвэл Ши Жиньпиний хэлсэн үг Хятадын зах зээлийг гадныханд илүү нээлттэй болгож, Трампын баримталж байгаа худалдааны хатуу бодлогын эсрэг хийсэн алхам болж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post