Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукербэрг сенатын гишүүдийн өмнө байцаагдав

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Манай цагаар өнгөрсөн шөнө Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукербэрг АНУ-ын сенатын гишүүдийн өмнө анх удаагаа мэдүүлэг өглөө.

Байнга өмсдөг саарал футболка, хөх жинсэн өмднөөсөө салж, хар хөх хослол, Фэйсбүүкийн хөх өнгөтэй зангиа зүүсэн тэр 2 тэрбум гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалдаг болохоо хууль тогтоогчдод тайлбарласан юм.

Түүний мэдүүлгийг сенатын хууль зүйн болон худалдаа, шинжлэх ухаан, дэд бүтцийн байнгын хороод хамтран сонссон байна.

Уг ажиллагааг нээж үг хэлсэн Өмнөд Дакотагийн Бүгд Найрамдах Намын сенатор, худалдааны байнгын хорооны дарга Жон Дюн “Өнөөдрийн сонсгол бол онцгой үйл явдал. Хороод хамтарч сонсгол хийх нь онцгой ховор тохиолдол. Бас ганц гүйцэтгэх захирал АНУ-ын сенатын гишүүдийн бараг хагасын өмнө мэдүүлэг өгөх нь онцгой үйл явдал. Гэхдээ Фэйсбүүк өөрөө онцгой компани юм. Сар бүр Фэйсбүүкийг хоёр тэрбум гаруй хүн хэрэглэдэг. Энэ бол миний сонгогдсон муж болох Өмнөд Дакотагийн хүн амаас 1,500 гаруй дахин их тоо юм” гэжээ.

Тэр цааш нь Зукербэргт хандаж “Таны түүх бол Америк мөрөөдлийн жишээ. Гэхдээ нөгөө талаас танд хариуцлага байх ёстой. Мөрөөдөл тань бусдын хувийн мэдээлэлд аюулд учруулж байгаа эсэхийг хянах нь таны үүрэг. Бид таныг сонсож байна, Америк орон сонсож байна, магадгүй дэлхий сонсож байгаа байх” гэж хэлсэн юм.

Сонсгол дөрвөн цаг орчим үргэлжилж, Зукербэргээс тус компанийн бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээ хэрхэн явагддагаас эхлээд маш олон асуултыг сенаторууд тавьсан байна.

Энэ удаагийн сонсгол 1990-ээд оны үед монополийн асуудлаар Майкрософт компани сенатын сонсголд сууж байснаас хойш технологийн салбарын төлөөлөгч оролцсон хамгийн том үйл явдал болж байгаа юм.

Их Британий Cambridge Analytica улс төрийн зөвлөх компанид Фэйсбүүк 87 сая орчим хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан дуулиан өнгөрсөн сард дэгдэж байв. АНУ-ын хууль тогтоогчид одоо сошиал сүлжээнд төрийн зохицуулалт нэвтрүүлэх эсэхийг шийдэх гэж байгаа юм.

Үйл ажиллагааны бүрэн дүрс бичлэгийг үзнэ үү.

Эх сурвалж: Quartz, The Verge