Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Скрипалийн охины бие сайжирч, эмнэлгээс гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Оросын тагнуул асан Сергей Скрипалийн охин Юлиягийн бие сайжирч, эмнэлгээс гарсан тухай өнөөдөр мэдээлжээ.

Дөнгөж нэг сарын өмнө Лондоноос холгүй оршдог Сэлисбери хотын худалдааны төвд түүнийг эцэгтэйгээ хамт химийн бодист хордсон байдалтай хэвтэж байхад нь олсон юм.

Тэднийг үүнээс нэг өдрийн өмнө буюу гуравдугаар сарын 3-ны өдөр “новичок” гэгддэг үхлийн аюултай бодист хордсон гэж дүгнэсэн байдаг. 33 настай Юлияг эмнэлгээс тусгай хамгаалалттай газарт шилжүүлсэн тухай эмнэлгийн албаны хүн өнөөдөр хэлсэн байна.

Өнгөрсөн Баасан гарагт эцэг Сергей Скрипалийн биеийг бас сайжирч байгаа тухай эмнэлгээс мэдэгдсэн юм.

Эцэг, охин Скрипалийн мэдүүлэг одоо Британий засгийн газарт чухал хэрэгтэй байгаа. Тереза Мэйн засгийн газар уг халдлагыг Оросын эрх баригчдын захиалгаар гүйцэтгэсэн байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм.

Өчигдөр бас Скрипалийнхны цаашдын аюулгүй байдлыг хангахын тулд шинэ нэрийн дор Америкт суурьшуулах тухай Британий тусгай албаныхан АНУ-ын тагнуулын төв газрынхантай хэлэлцэж байгаа тухай мэдээ тарсан байна.

ОХУ-ын тал энэхүү халдлагатай холбоогүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа ба ухаан орсон Юлия Скрипальтай уулзуулах хүсэлт тавьсныг Лондон зөвшөөрөөгүй юм.

 

Эх сурвалж: The Guardian