Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батбаясгалан: Яармаг руу босоо удирдлагатай байгууллагаас бусад нь нүүх болно

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT /тусгай замын автобус/ төслийн үйл ажиллагаа, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ, Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийг сонгон шалгаруулах журам батлах, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцуулсан. Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу НЗДТГ, нийслэлийн харьяа 33 агентлаг болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд Яармаг руу шилжих юм.

Хэлэлцэж буй асуудлуудаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа давхар гүүрэн гарц ашиглалтад орвол ямар ч огтлолцолгүй автозамын урсгал үүснэ.

Нийтийн тээврээр үйлчлүүлэх чиглэлийг иргэд рүүгээ хандуулах, төрийн үйлчилгээг авахдаа түргэн шуурхай хороон дээрээсээ авах боломжийг бүрдүүлэх зэрэг олон төсөл хэрэгжиж байгаа учраас шинэ Яармаг төвд ачаалал үүсэхгүйгээс гадна автозамын ачаалал ч нэмэгдэхгүй гэж бид үзэж байгаа. Энэхүү ажил нь судалгаа болон улс, нийслэлээс хийж буй хөрөнгө оруулалтын урсгалд үндэслээд явагдаж байна.

Бага тойруу доторх хэт төвлөрөл бол баруун урагш гарах төвлөрлөөс илүү байдаг. Иргэд Бага тойрууд автомашинаа байршуулах газар олдохгүйгээс болж төрийн албан хаагчтай уулзаж үйлчилгээ авахаасаа өмнө маш их бухимддаг.  Ингээд төрийн албан хаагчтай харилцаж, тэдний дунд зөрчил үүсэх нь ч цөөнгүй байдаг. Яармаг руу босоо удирдлагатай байгууллагаас бусад нь нүүх болно” гэж ярилаа. 

Уг асуудлыг хэлэлцэж дууссаны дараа НИТХ-ын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгож, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт бий болгох хотын шинэ төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн  байршуулах судалгаа төлөвлөлтийг хийж, барилгажилтын төсөл боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах”-ыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа.

Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.