Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын компаниуд 4.6 тэрбум доллартай тэнцэхүйц түүхэн хамтын ажиллагаа эхлүүлнэ

Ч.Болортуяа
2018 оны 4 сарын 9
iKon.MN

- БНХАУ-аас iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна. Гэрэл зургийг mpa.mn -

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлалын талаар болон өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан баримт бичгүүдийн талаар Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулга авлаа.

 

- Энэ удаагийн айлчлалаас хүлээж байгаа гол үр дүнгийн талаар та товч танилцуулахгүй юу?

- Айлчлал амжилттай үргэлжилж байна. Засгийн газрын албан ёсны хэлэлцээ дулаан уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө. Энэ айлчлалд хоёр талаас нэлээн хугацаа зарцуулж олон түвшинд бэлтгэл яриа хэлэлцээ явагдсаны дүнд өндөр түвшний шийдэх асуудлуудаа шийдэж чадлаа. Нийт 11 баримт бичигт гарын үсэг зурав. Засгийн газрын түвшинд зурагдсан гэрээ хэлэлцээрийн нийт үнийн дүнг аваад үзвэл 447 сая долларын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн энэ Пүрэв гарагт Монголын бизнес эрхлэгчид Хятадын компаниудтай олон чухал гэрээ хийнэ. Үүнийг би энэ удаагийн айлчлалын гол амжилт гэж онцолж хэлмээр байна. Яагаад гэхээр төрийн гол ажил нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих. Хувийн хэвшлийн үйл ажиллагаа өргөжсөнөөр ажлын байр нэмэгдэх, татварын бааз суурь өргөжих олон эерэг нөлөөтэй.

Энэ айлчлалд зөвхөн бизнесийн төлөөлөл гэхэд 300 орчим хүн Монголоос ирж ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Миний хувьд олон айлчлалд ажиллаж байсан. Ийм өргөн бүрэлдэхүүнтэй хувийн хэвшлийн төлөөлөл өмнө нь айлчлал дагаж байсангүй.

Өнөөдөр Засгийн газар хоорондын зурсан баримт бичгүүдэд гол дурдах ажил бол Улаанбаатар хотын Төв Цэвэрлэх Байгууламжийн төсөл байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж барих асуудалд Хятадын тал бүрэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Төв Цэвэрлэх Байгууламжийн асуудал нэлээд удаан яригдсаны эцэст ийнхүү эцэслэгдлээ гэсэн үг. Одоо үүнийг ажил хэрэг болгох л үлдлээ.

 
 
 
Гэрэл зургийг mpa.mn

- Гашуунсухайтын боомтын гарцыг нэмэгдүүлэх асуудал яригдсан гэж ойлгож болох уу?

- Хилийн боомтын асуудал мэдээж яригдаж байгаа. Хоёр улсын хоорондын худалдаа эдийн засгийн харилцаа ямар нэгэн саад тотгоргүй түүн дотроо захиргааны шинж чанартай саад тотгоргүй явж байх ёстой.  Ингэж байж хоёр орны худалдаа эдийн засгийг өргөжүүлж тэлэх боломж нээгдэнэ. Тиймээс ч энэ асуудал яригдаж хоёр талаас идэвхтэй хамтарч ажиллаж аль болох захиргааны шинж чанартай саад тотгорыг арилгах ёстой.

Наад зах нь Замын -Үүдийн боомт гэхэд хувь хүмүүс нэвтрэхэд урт дараалал үүсдэг гэх хүндрэл байдаг. Тэгэхээр энэ мэт байдал аль болох хөнгөвчлөгдөх ёстой.

- БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хоёр улсын хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэж найдаж байна гэж хэлсэн. Яг харилцааны хоёр орны хувьд ямар ахиц гарч байна вэ?

- Зөвхөн тоогоор ярихад л маш том хэмжээний мөнгөн дүн бүхий хамтын ажиллагаанууд яригдаж байна. Энэ нь Монгол Улсын хувьд томоохон хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Түншлэлийн харилцаатай орнуудын хувьд бие биенийхээ хөгжлийг дэмжиж хамтдаа урагшлах ёстой. Энэ боломж илүү нээгдэж байна гэсэн үг.

- Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн юунд зарцуулах вэ?

- Олон төрлийн төсөл хөтөлбөр яригдаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд энэ хөрөнгө зарцуулагдах болно. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөрт зарцуулагдана. Энэ нь Монгол Улсын хувьд нийгэм эдийн засгийн хүндрэлийг давахад чухал нөлөө үзүүлнэ.

- Цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах төслийн тухай илүү тодруулахгүй юу?

- Шинэ цэвэрлэх байгууламж байгуулах ТЭЗҮ бэлэн байгаа. Тэгэхээр одоо холбогдох яамдууд дахин шаардлагатай хэлэлцээг хийж гэрээ байгуулсанаар төслөө эхлүүлэхээр болж байна гэсэн үг.

- Маргааш болох Боаогийн чуулга уулзалтад Ерөнхий сайд оролцоно. Энэ чуулга уулзалтаас ямар хүлээлттэй байгаа вэ?

- Боаогийн чуулга уулзалтаар Ази Номхон Далайн орнуудын түвшинд худалдаа эдийн засгийн харилцаагаа яаж илүү чөлөөтэй болгох вэ гэдэг асуудал дээр төвлөрч ярилцана. Дэлхийн эдийн засаг өсөх нь өөрөө Монгол Улсын хувьд ч ашигтай учраас энэ хуралд ач холбогдол өгч оролцож байна. Олон Улсын Валютын Сангийн төсөөллөөр 2018 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувь өсөх хандлагатай байна. Энэ өсөлт өөрөө хангалттай эрэлтийг Монголын эдийн засагт бий болгож байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг буруулахгүйгээр улам нэмэгдүүлэх вэ гэдэг дээр л төрийн засгийн удирдлагууд бодлогоо уралдуулж байна.


Энэ Пүрэв гарагт болох Монгол-Хятадын Бизнес Форумын үеэр хоёрын улсын хувийн хэвшлүүд цахилгаан станц байгуулах зэрэг томоохон үнийн дүн бүхий 36 гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцоод байгааг албаны эх сурвалж мэдээлж байгаа юм.

Ингэснээр нийт 4.6 тэрбум долларын үнийн дүн бүхий хамтын ажиллагаа Монгол-Хятадын хувийн хэвшил хооронд эхлэх нь тодорхой болоод байна.

Өнөөдөр Монгол, Хятадын зурсан 11 БАРИМТ БИЧИГТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ,