Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын элч Ким Жон Унд тамхинаас гарахыг зөвлөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч нар Пёньянд зочилж, Ким Жон Унд бараалхсан билээ. Энэ уулзалтын дараа тэд Ким Жон Уны АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах хүсэлтийг гадаад ертөнцөд дамжуулсан юм.

Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Сөүлийн элч нарыг оройн зоогоор дайлах үед болсон нэгэн сонирхолтой явдлыг Японы Асахи Шимбун сонин энэхүү айлчлалд ойр эх сурвалжаас олж мэдсэнээ дамжуулжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Чун Юй Ён хоолны үеэр тамхи татаж байсан Ким Жон Унд тамхиа багасгах зөвлөгөө өгсөн байна. Их удирдагчид зааж зааварласан энэ явдал хэсэгхэн хугацаанд уур амьсгалыг хүндрүүлж, тэдэнтэй хамт байсан Хойд Солонгосын тагнуулын албаны генерал Ким Ён Чолын царайг ширүүн болгож хувиргасан гэнэ. 

Харин удирдагчийн эхнэр Ри Сол Жу зөвлөгөөг алга ташин хүлээж авч “Намайг хэлэхээр үгэнд ордоггүй юм” гэж хэлжээ. Түүний энэ үг зоогийн ширээг тойрсон уур амьсгалыг зөөлрүүлж, хэвийн байдалд оруулсан тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Харин залуу удирдагч энэ үед ер тоосон шинжгүй сууж байжээ. Хэдийгээр гуравдугаар Ким өөрийнх нь эсрэг үг хэлсэн хүмүүст хатуу ширүүн ханддаг гэгддэг ч өөрөөс нь бараг хоёр дахин өндөр настай Чун зөвлөхийн үгийг хүлээж авсан байх магадлалтай. Чун Юй Ён одоо 71 настай бол Ким Жон Уныг 36 настай гэдэг.

Солонгосчууд ахмад настны үгийг хүндэтгэлтэй сонсдог уламжлал үүнд нөлөөлсөн байж болох талтай гэж эх сурвалж тайлбарлажээ.

Ким Жон Ун архаг тамхичин гэдэг нь олон зүйлээс харагддаг. Тэр эмнэлэг, сургууль, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж явахдаа тамхи зуусан харагдах нь түгээмэл. Албаны гэрэл зургуудад түүний байгаа газар бүрт үнсний сав тавьсан харагддаг байна.

 

Эх сурвалж: Korea Times