2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
12:00
S32
17°
13:00
S32
18°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
23:00
S31
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Баясах: Хөршдөө итгэл төрүүлж, бодлогоо тогтвортой байлгамаар байна

Ч.Үл-Олдох
2018 оны 4 сарын 9
Зууны мэдээ

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, Хятад судлаач, доктор Ж.Баясахтай ярилцлаа.

 -Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж байна.Цаг үеийн онцлог, урд хөршийн нөхцөл байдал хийгээд манай улсын талаар тэдний байр суурийг та юу гэж дүгнэж байна? 

-Урд хөршийн тухайд ноён Ши Зиньпин 2013 оны гуравдугаар сарын 14-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар сонгогдсоноос хойш өнөөг хүртэл  үндсэндээ Хятадын  төрийн эрхийг барьж байна. Сая Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар  2028 он хүртэл Хятадын Коммунист намын дарга бөгөөд БНХАУ-ын даргаар ажиллахаар боллоо. Манай хойд   хөршийн шинэ  Ерөнхийлөгч зургаан  жилийн хугацаатай  сонгогдлоо. Тэгэхээр манай хоёр талд авторитар дэглэм тогтлоо гэж болно.

Монголын талаар хоёр хөрш маань Украины хямралаас хойш онцгой анхаарах болсон. Хөрш зэргэлдээ орнуудтайгаа найрсаг байхгүй бол болдоггүйг  тэд Украины жишээн дээр ойлгосон. Манай өмнөх Ерөнхийлөгч гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг санаачилсан. Душанбе, Уфа, Ташкентад  гурван улсын эдийн засгийн коридорын уулзалтыг хийсэн. Хятадын дарга тодорхой хэлсэн юм бий, “Анх  удаа Монгол-Хятадын харилцаа дээд хэмжээнд  хүрлээ” гэж.

Өөрөөр хэлбэл, хоёр талын харилцаа онцгой шинэ нөхцөл байдлаар хөгжиж байна гэсэн. 2014 онд Монголд айлчилсан. Түүний хэлснээр Монгол-Хятадын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн. ОХУ-тай  2016 онд иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон. Тэгэхээр хоёр хөрш маш их ойртсон. Ши Жиньпин ямар ажил хийсэн бэ гэвэл, дотроо авлигын эсрэг маш том кампанит ажлыг өрнүүлсэн. Тэр нь үр дүнгээ өгсөн.

“Шинэ торгоны зам” гэсэн бодлого гаргасан, одоо “Нэг бүс-нэг зам” хэмээн нэрлэж байгаа. Эдийн засгийн коридорт  Монгол Улс багтаж байна. Манай талаас санал болгож буй хэд хэдэн зүйл бий. Харамсалтай нь түүнийгээ сайн хэрэгжүүлж чадахгүй байна. Ерөнхий сайдын айлчлалаар тодорхой шийдлүүд гарах болов уу.

-Манайх санал болгосноо хэрэгжүүлж чад­сан­гүй гэдгийг тодруулахгүй юу?

-Ардын нам УИХ-д олонх болсноос хойш нэг Засгийн газар солигдчихлоо. Өмнөх Ерөнхий сайд жил гаруйн өмнө урд хөршид очсон, түүний дараагаар хийж буй хоёр дахь том айлчлал нь одоогийн Засгийн газрын тэргүүний айлчлал юм. Манай улс  төрийн намууд энэ хүнийг байлгана, байлгахгүй гэхчлэн ярьж, төрийг тогтворгүй байлгаж буйгаас хятадууд маш их болгоомжилж байна.

Манай хэвлэл, мэдээллийнхэн “Ерөнхий сайд БНХАУ-д гуравдугаар сард айлчилна” гээд зарлачихсан. Түүнд автаж нэг хэсэг хүлээлт үүссэний дараа одоо л  айлчилж байна. Монголын байдал хаашаа эргэх нь вэ гэсэн хүлээлт байсаар… Одоо бол Монголын төр, засаг 2020  он хүртэл ямартай ч энэ хэвээр явах нь гэдгийг ойлгосон. Иймд төр засаг нь тогтвортой байх нь гэж хятадууд харж байгаа. Харин гол ярих зүйл  нь  эдийн засгийн коридорыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь бид “Нэг бүс-Нэг зам” гэхээр “Талын зам” гээд нэг хэсэг ярьсан. Одоо “Хөгжлийн зам” гэж нэрлэх болсон. Манай нэр томьёо хүртэл ингэж өөрчлөгддөг.

Үүнийг урд хөрш маш гярхай ажиглаж байгаа. Учир нь Өмнөх Засгийн газар гарч ирэнгүүтээ Далай ламыг урьсан. Түүнээс болоод Монгол-Хятадын харилцаа хэсэгтээ  хүйтэрсэн. Манайхны урагш эрдэс баялгаа гаргадаг замд урт дараалал үүссэн. Тэр нь гайгүй болсны дараа хилийн боомтууд нь Монголоос ирж буй ачааг хүлээж авдаг хугацаагаа долоон цаг болголоо. Энэ бас л хангалтгүй. Монголчууд тэнд 24 цаг зогсож болж байхад ядаж 12 цаг болгомоор байна, ямар хүн дутна гэх биш.

Өнгөрсөн намар Засгийн газар танхимаа бүрдүүлнэ гэсээр байтал төмөр замынхаа асуудлыг тавиад туучихсан.Манайхыг барихгүй гэнгүүт  Казахстан руу явчихлаа, нөгөө хэсэг нь Манжуураар явчихлаа. Ингэж хугацаа алдаж болмооргүй байгаа юм. Төмөр замаа алдчихлаа гэхэд ядаж хурдны замаа бушуухан баримаар байна. 

Тяньжинаас бараа ачигдаад Монголоор дайраад Эрхүү хүртэл явдаг болчихвол манайд хэрэгтэй. Буриад талынхан замаа засаад эхэлчихсэн, олон урсгалтай болчихсон. Хоёрдугаарт, зүүн бүст мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт Хятадтай хамтарч ажиллах бололцоотой.

-Тухайлбал?

-Жишээ нь, манай зүүн бүсийн хөгжлийн төв болсон Дорнод аймагтай  хил залгаа Рашаан гэж аялал жуулчлалын том хот байдаг. Тэнд жилдээ гурван сая жуулчин очдог. Түүний 30 хувь нь Монголд ирэх сонирхолтой. Манайхан уг нь Хянган аймгийнхантай гэрээ хийж гарын үсэг зурчихсан. Гэвч тэд хэлсэндээ хүрээгүй нь Хятадын тал уг ажилд туйлбаргүй хандаж буйг харуулж байна. Засгийн газар жуулчлалын үнэмлэхээр орж гардаг болно гээд зохицуулалт гаргасан.

Гурван сая жуулчны нэг сая нь л Монголд ирэхэд болчих юм шүү дээ. Ингэвэл зүүн гурван аймаг хөл дээрээ босно. Хянганы нуруунаас Халх гол эх авч  350 км урсаад Буйр нуурт цутгадаг. Тэнд “Алтай трейд” компани жуулчны бааз байгуулчихсан юм билээ. Хянган аймгийнхан дулааны улиралд өдөртөө 100 хүн явуулъя, гэж ярьдаг. Нэг хүн мянган юань үлдээнэ гэж үзвэл асар их тоо гарна. Халх голд үзэх юм их, байгаль нь ч сайхан. Уг нь манайхан зураг төсөл хийж явуулсан, таг болчихлоо.

Тэр нь Монгол-Хятадын харилцаа хүйтэрсэнтэй холбоотой байх. Одоо бид тэр харилцаагаа үргэлжлүүлж Түмэн голын төсөл рүү хандаж болох юм. Эсвэл Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэж  бий, тэнд манай улс хөрөнгө оруулсан учир тэндээс мөнгө авах бололцоотой. Сая жуулчин орж ирвэл эдийн засагт өгөөжтэй. Мал аж ахуйн  тухайд,  хувьд өгсөн нь буруу гэдгийг Хятадууд сая ойлгосон. Хашаа хороонд хийчихээр бэлчээрийн мал аж ахуйн ашиг шим буурдаг.

Иймд тэд Монголын малын мах амттай сайхан гэцгээх болсон. Хоёр хөрш сүүлийн үед Монголоос мах хүлээж авъя гэдэг болсон. Орос бод малын, Хятад бог малын мах авъя гэдэг. Хятад хонь, ямааг ялгахгүй хонь гэж нэрлэдэг. Таван хошуу мал гэж мэдэхгүй гахайгаа хүртэл оруулчихдаг. Тэгэхээр тэдний онцлогт тохирсон махны үйлдвэрийг Хятадын хөрөнгө оруулалтаар  барих хэрэгтэй юм. Үүнийг Ерөнхий сайд маань айлчлалынхаа үеэр ярьж, шийдэл гаргаасай.

-Бас манай цагаан идээнд дуртай гэж сонссон?

-Ийм төрлийн бүтээгдэхүүн урагш гаргах бүрэн боломжтой. Энэ жилээс манайд хуурай сүү хийхээр болсон. Манайд бас л боломж гарч байна.

-Аялал, жуулчлал, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд ямар асуудал тулгамддаг вэ?

-Энд хурдны  зам маш чухал. Гэхдээ манайханд өмнө нь төсөл хийж байсан ажлын эхлэл бий. “Чингис групп” гэхэд л  1,200 км  төмөр зам, хурдны зам барина гээд төсөл хийж байсан, бэлэн материал бий. Баруун бүст “Мега төслийн хөрөнгө оруулалт” гэж групп байгуулагдсан.Баян-Өлгийн Цагаан нуурт эдийн засгийн онцгой бүс байгуулах зорилготой.  Тэнд тээвэр, ложистик, экспорт хийх боломж бий. Цагаан нуур сум Оросын хилээс 23 км-ийн зайтай.

Монголын баруун хэсэг хоёр хөрштэй засмал замаар холбогдсон. Тэнд аялал, жуулчлалыг хөгжүүлж болно. Үүнээс гадна уул уурхай, дэд бүтцийн салбар чухал. Дээр нь хүмүүнлэгийн харилцаа маш чухал. Манайхан магистр, доктороор тэнд сурдаг. Манайд ирж буй хүмүүсийн тоо ч бас өсөж байна. Монгол-Хятадын харилцаа өргөжих нь гээд Гирин мужид монгол хэлний ангид 45 хүн сурч байна лээ. Хятад өөрийгөө сурталчлахын тулд Күнзийн институтийг байгуулах болсон.

Дэлхийд 70 институт байдаг, Монголд нэг байсан. Одоо бараг сургууль бүрт байгуулна гэх боллоо. Түүнээс гадна түүхэн харилцаа, холбоо идэвхжиж байна. 1225 онд Афганистанд Хятадын Дао буюу Бомбын шашны тэргүүн Чан Чунь бомбо Их хаантай маань уулзаж байсан тухай бид кино зохиол бичээд хятад хэлнээ орчуулан Хятадын  нэртэй найруулагчид уран сайхны баримтат кино хийхээр санал болгосон. Өмнөд хөршийнхөн маш их сонирхож байна. Хүнд тусах нь ойр оюуны  бүтээл учир энэ асуудал айлчлалын үеэр яригдаасай гэж бодож  байна.

-Хоёр талын харилцааг өргөжүүлэхэд танай хүрээлэн ямар ажил хийж байна?

-Манай хүрээлэн “Нэг бүс-Нэг зам”-ын талаар судалгаа хийж, таван хэл дээр ном хэвлүүлсэн. Гадны улс ирэхэд үзүүлэх материал бэлэн. Монгол хэлээр гарсан ном, сэтгүүлийг өвөрлөгчид маань уншиж чадахгүй байна, шинэ үсэгтээ тэд тааруухан юм. Иймээс монгол, хятад хэлээр хэвлүүлэхээр зэхэж байгаа. Хятад шинжлэх ухааны салбартаа маш их мөнгө зардаг. “Нэг бүс-Нэг зам”-ын талаар хурал их хийдэг.

Анхных нь Монголд болсон, энэ жил дөрөв дэх удаагийнх нь болно. Анхны хурлыг зохиоход 65 хүн ирж илтгэл тавьж байсан. Оросоос 20, Монголоос 20 хүн илтгэл тавьдаг. Энэ жил мөн тийм байдлаар зохион байгуулна.

-Эцэст нь манай улс юу анхаарах, ямар бодлого барих тухайд судлаачийн зүгээс та санал хэлээч?

-Хятадын Элчин сайд харилцан итгэлцэл гэж яриад байна. Манайхан үүнийг бодох ёстой. Сүүлийн үед  Монголын нийгмийн 35 хувь нь Хятадад нааштай ханддаг  болжээ гэсэн судалгаа гарсан. БНХАУ өнөөдөр дэлхийн хоёр дахь том тоглогч улс болсон. Хэдхэн жилийн дараа тэргүүлэх болно. Нэг нам, нэг гараар явж байгаа нь үүнд нөлөөлж байна. Тэнд манайхан шиг гуйвар, дайврын юм алга, босоо удирдлагатай. Ши Жиньпин цоо шинэ геополитикийн бодлого явуулж байна.

“Торгоны зам”, “Нэг бүс-Нэг зам” бол геополитикийн цоо шинэ бодлого. Сайн бодлоготой улс  л дэлхийд ноёрхлоо тогтоодог. Гэтэл манайх дотроо улстөржөөд тө­мөр замын асуудлаа алдчихсанаас урагшаа Казахстанаар явчихлаа. Тэр төмөр замаар хурдны галт тэрэг гурав хоногт Москва орно гэж ярьж байна.

Манайхаар дамжсан бол Москва руу тав хоног явдаг байдал өөрчлөгдөх байлаа. Иймд манайхан итгэж болно гэдэг итгэлийг хөршдөө төрүүлэх ёстой. Туйлбартай байх ёстой. Нүүдэлчдийн муу зан нь сониуч байдаг талтай. Бид бодлогоо, төрөө тогтвортой байлгах л чухал юм.

x