Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Чита хотын Драмын театр Монголд

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УДЭТ-ын тайзнаа 04-р сарын 09, 10-нд ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгээ толилуулах гэж байна. Уг тоглолтын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал өнөөдөр УДЭТ-т боллоо.

Чита хотын театр нь 78 жилийн түүхтэй бөгөөд анх Эвлэлийн илгээлтээр ирсэн залуу жүжигчид тоглолтоор ирж тус хотод суурьшин театраа үүсгэн байгуулсан билээ. Тус театрын урын санд оросын болон гадаадын сонгодог хийгээд орчин үеийн жүжгүүд эн тэнцүүхэн байр суурь эзэлдэг.

1987 оноос эхлэн Е.Золотарев найруулагчийн удирдлага дор хүүхдэд зориулсан гайхалтай сайхан тоглолтууд хийсэн бөгөөд эдгээр нь уламжлагдан баяжсаар өнөөг хүрчээ. 2016 оноос уг театрын захирлаар ОХУ-ын СГЗ Ю.И.Пояркин ажиллаж байгаа бөгөөд уран сайхны удирдагч, залуу найруулагч Н.Гадомскийн хамт гадаад харилцаагаа улам өргөжүүлэн тэлэх, олон улсад уран бүтээлээ танилцуулах зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн айлчлан тоглолт бол үүний нэгэн илэрхийлэл юм.

УДЭТ-т тоглогдох гэж буй “Русский секрет” буюу “Оросын гайхамшиг” жүжиг нь оросын зохиолч Н.С.Лесковын 1881 онд бичсэн “Левша” – “Солгой” хэмээх туужаас сэдэвлэн орчин үеийн мюзикл хэлбэрээр хийсэн бүтээл ажээ. Энэ зохиол нь орос дарханы ур чадварыг гаргасан бөгөөд “дархан хүн бурхан ухаантай” хэмээх монгол зүйр цэцэн үгтэй дүйцэх юм.

Чита хотын Драмын театрын бяцхан үзэгчиддээ зориулсан “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжиг, 12 наснаас дээш сурагчдад зориулсан “Оросын гайхамшиг” жүжгүүд орос хэл дээр тоглогдож байгаа нь уг хэлийг сонирхон судалж буй оюутан сурагчдад хэлний мэдлэгээ тэлэх ховорхон боломж олгож байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Аялан тоглолтын хүрээнд

4-р сарын 9,10-нд 19:00 цагт "Русский секрет" /Оросын гайхамшиг/ мюзикл инээдмийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 20.000₮

4-р сарын 10-нд 11:00, 15:00 цагт "Волшебная лампа Аладдина" /Аладины шидэт дэнлүү/ хүүхдийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 10.000₮

ТАСАЛБАРЫГ: УДЭТ-ЫН КАСС, WWW.TICKET.MN, ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800, 99025027, 99026929