Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Моцартын хийлний аяыг Ши Жиньпинд сонсгохоор Австриас Хятад руу илгээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Агуу хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын хүүхэд насандаа тоглож байсан хийл Баасан гарагт Австрийн засгийн газрын төлөөлөгчидтэй хамт Хятад руу ниссэн байна.

Тэдний дотор бас уг ховор зэмсгийг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинд тоглож үзүүлэх 7 настай охин багтжээ.

Австрийн ерөнхийлөгч Александер Ван дер Беллэн энэ тухай хэлэхдээ “Анна Кэсилиа Фоес охин Австри орныг урлагийн эх орон гэдгийг батлан харуулах элчээр бидэнтэй хамт явна” гэсэн байна.

 

Тэр улс төр, биснесийн 200 орчим төлөөлөгчийг дагуулан Бээжинг зорьсон юм. Ерөнхийлөгч Австрийн үндэсний хувцас өмссөн хөгжимчин охинтой авхуулсан зургийг твиттер хуудсандаа нийтлэхдээ “Хөгжим бол дэлхий даяар ижил ойлгогдож, талархал хүлээдэг нэгдсэн хэл юм” гэж бичжээ.

Уг ховор хийл нь 1740 оны орчим бүтээгдэж, 1820-оод он хүртэл Моцартын эгч Мария Аннад хадгалагдаж байсан гэдэг.

Дараа нь 1896 оноос хойш Зальцбург дахь Моцартын гэр музейд хадгалагдаж байгаа юм. Маргааш буюу Ням гарагт Австрийн ерөнхийлөгч Бээжинд Ши Жиньпинтэй хүндэтгэлийн зоог барих ба энэ үеэр Фоес охин Моцарт болон бусад Австри, Хятадын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс тоглож үзүүлэх гэнэ.

 

Эх сурвалж: AFP