Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга эмэгтэйг сүмогийн дэвжээн дээр дахиад гаргасангүй

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Японы нэгэн хотын дарга эмэгтэйг сүмогийн дэвжээн дээр гарч үг хэлэхийг хориглосон нь эмэгтэй хүнийг дорд үздэг уламжлалтай спортыг тойрсон олон нийтийн маргааныг дахин сэдрээлээ.

Дөнгөж урд өдөр нь ухаан алдаж унасан хүнд анхан шатны тусламж үзүүлэхээр дэвжээн дээр хөл тавьсныхаа төлөө хөөгдсөн эмэгтэйчүүдээс Японы Сүмогийн холбоо уучлал гуйгаад байсан юм.

Шинто шашны үзлээр ариун газарт тооцогддог сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарах хатуу хориотой байдаг уламжлал бий.

Өчигдөр Японы баруун бүсийн Такаразука хотын дарга Томоко Накагаваг сүмогийн дэвжээн дээр үг хэлэхийг зохион байгуулагчид хорьсны улмаас тэр дэвжээний хажууд зогсож мэдэгдлээ хийсэн юм.

Ингэхдээ тэр сүмогийн холбооныхны шийдвэрийг шүүмжилсэн агуулгатай үг хэлжээ.

“Би хотын дарга эмэгтэй, гэхдээ бусдын адил хүн. Эмэгтэй хүн учраас намайг дэвжээн дээрээс үг хэлүүлсэнгүй. Энэ бол үнэхээр харамсмаар, ичгүүртэй хэрэг юм” гэж түүнийг хэлэхэд үзэгчид дэмжин алга ташсан байна.

Өнгөрсөн онд хотод нь болсон тэмцээний үеэр Накагава дарга бас дэвжээний гаднаас үгээ хэлж байв. Гэхдээ тэр тухайн үед хүйсийн ялгаанаас болж дэвжээн дээр гараагүйгээ эхэндээ анзаараагүй өнгөрсөн юм.

Харин бусад хотуудын эрэгтэй дарга нар дэвжээн дээр зогсож үг хэлэх үед тэр ялгаварлан гадуурхагдсанаа мэдэж сүмогийн холбоонд эсэргүүцлээ илэрхийлсэн ч амжилт олоогүй байна.

Накагава “Нэг өдөр бид эмэгтэй ерөнхий сайдтай болж магадгүй. Тэр үед бас ингэж хандах уу үгүй юу гэдгээ эргэцүүлэн бодоосой гэж би сүмогийн холбоонд хүсэж байна” гэж хэлсэн юм.

Тэрээр ирэх онд хотод нь зохион байгуулагдах сүмогийн тэмцээний үеэр дэвжээн дээр гарахын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.

Хэд хоногийн өмнө сүмогийн дэвжээн дээр үг хэлж байхдаа Майзуру хотын эрэгтэй даргын эрүүл мэнд гэнэт муудаж унасан юм.

Энэ үеэр тусламж үзүүлэхээр хэд хэдэн эмэгтэй дэвжээн дээр гүйж гарсны дараа ордны зарлалын системээр эдгээр бүсгүйчүүдийг даруй дэвжээнээс буухыг давтан шаардаж байв.

Сүмогийн Холбооны ерөнхийлөгч Пүрэв гарагт энэ үйлдэлдээ олон нийтээс уучлал гуйж, тусламж үзүүлсэн эмэгтэйчүүдэд талархлаа илэрхийлсэн юм.

 

Эх сурвалж: Japan Today