Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Путиныг тойрон хүрээлэгч 24 хүний эсрэг АНУ эдийн засгийн хориг зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Вашингтоны засаг захиргаа өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээлэлд багтдаг 24 хүний эсрэг эдийн засгийн хориг зарлалаа.

Хоригт багтсан хүмүүсийн дотор Путины хүргэн, найзынх нь хүү, тагнуулын албаны дарга асан, олигархууд зэрэг хүмүүс багтжээ.

Эдгээрээс хамгийн хүнд хохирол амсаж байгаа хүн нь хөнгөнцагааны магнат Олег Дерипаска болж байгаа гэнэ. Трампын сонгуулийн менежэр асан Пол Манафорт түүнтэй уулзаж, ажлаа тайлагнаж байсан гэгддэг.

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный түүнийг Манафорт болон Кремлийн хооронд мэдээлэл дамжуулагч байсан гэж мэдэгдэж байв.

Энэ удаагийн хоригт Дерипаскагийн компаниуд ч багтсан байна.

Хоригийг зарласан шалтгаанаа Вашингтон 2016 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн Кремлийн оролдлоготой холбоотой гэж шууд зарлаагүй юм.

Харин Крымийг эзлэн түрэмгийлсэн, зүүн Украинд хүчирхийлэл үйлдэж байгаа, Сирийн дэглэмийг дэмжсэн, Өрнөдийн ардчилалд хор хүргэж байгаа, гадаад орнуудын эсрэг кибер халдлага зохион байгуулсан зэрэг үндэслэлүүдийг дурджээ.

Жагсаалтад бас Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер, Оросын хоёр дахь том банк ВТБ-ийн ерөнхийлөгч Андрей Костин, Оросын төв банкны дэд ерөнхийлөгч Андрей Торшин, Путины охин Катеринатай гэрлэснийхээ дараа огцом баяжсан гэгддэг Кирилл Шамалов нар орсон байна.

Хоригийн албан ёсны мэдэгдэл болон хоригт багтсан хүмүүсийн бүрэн жагсаалттай энд дарж танилцана уу.

 

Эх сурвалж: Quartz