Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны аюулгүй байдлыг хоёр Солонгосын албаныхан нухацтай хэлэлцжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 27-нд хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд хилийн Панмунжом тосгонд уулзахаар товлоод байгаа. Уулзалтын бэлтгэл ажил ид өрнөж байгаа ба өчигдөр талууд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцсэн байна.

Учир нь 1950-аад оны Солонгосын дайнаас хойш Пёньяны удирдагч ердөө гурав дахь удаагаа Өмнөдийн ерөнхийлөгчтэй уулзах гэж байгаагаас гадна дайнаас хойш Хойд Солонгосын төрийн тэргүүн анх удаа хоёр Солонгосын хилийг давах гэж байгаа юм.

Панмунжом тосгон нь хилийн зурвасын Өмнөд Солонгосын талд оршдог. 2000 ба 2007 онуудад болсон өмнөх хоёр удаагийн дээд хэмжээний уулзалтууд бүгд Пёньянд болж байжээ.

Ким Жон Уны эцэг Ким Жон Илийг 2007 онд Өмнөд Солонгосын тал Сөүлд урьж байсан ч тэр зөвшөөрөөгүй юм. Үүнийгээ тэр Сөүл бол санхүү, эдийн засгийн төв байсаар ирсэн, харин Пёньян бол бүх Солонгосын жинхэнэ нийслэл гэж тайлбарлаж байжээ.

Ким Жон Уны гадаад айлчлалын аюулгүй байдлыг Хойд Солонгосын тал дээд зэргээр хангадаг. Өмнөх бүх удирдагчид нисэх онгоцоор аялдаггүй байсан. Сая Бээжинд очихдоо Ким хуягласан нүсэр галт тэргээр зорчсон. Уг галт тэрэгний цуваа нь гурван хэсгээс бүрддэг ба толгой хэсэг нь зам дагуу тэсрэх бөмбөг байгаа эсэхийг шалгах үүрэгтэй бол арын хэсэгт бие хамгаалагчид, зэвсэг техник ачиж явдаг гэсэн мэдээлэл бий. Хуяглагдсан хүнд жинтэй, аюул эрсдлийг байнга шалгаж явдаг тул уг галт тэрэг 37 км/цагаас илүү хурдалж чаддагүй гэнэ.

Мөн уг галт тэргийг Хятадын нутаг дэвсгэрт орж ирснээс нь хойш гарч явах хүртэл айлчлалын тухай ямар ч мэдээлэл гаргалгүй, нууцалж байсан юм.

 

Эх сурвалж: Quartz