Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мицубиши Электрик бага цагт их ажил амжуулсан ажилтнаа урамшуулдаг болно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы электроникийн Мицубиши Электрик компани богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласан ажилтанд шагнал, урамшуулал олгож байхаар болсон байна. Энэ нь урт цагаар ажиллахыг сайшаадаг соёлтой Японы нийгэмд цоо шинэ үзэгдэл болж байгаа юм.

Энэ сард шинээр томилогдсон тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Такеши Сугияма энэ оны шагналт цалингаас эхлээд ажилтны үнэлгээнд бүтээмж гэсэн шинэ хэмжүүр оруулж байгаагаа зарлажээ.

Тэр “Урт хугацаагаар хэтрүүлэн ажиллахыг чухалд тооцдог үе өнгөрч байна” гэж хэлсэн байна. Бүтээмжийг хэмжих хэмжүүрийг удахгүй тодорхой болгох гэнэ.

Ерөнхий сайд Шинзо Абэгийн засгийн газар хүн амаа өсгөх, залуужуулахын тулд урт цагаар ажилладаг уламжлалт соёлыг халахыг хичээж байгаа.

Албан ёсны тоо баримтаас харвал Японы хүн ам 2008 онд 128.08 саяд хүрсэн нь оргил үзүүлэлт байсан ба тэр цагаас хойш буурч эхэлсэн юм.

Байдал хэвээр үргэлжилбэл 2095 онд энэ тоо тал хувиар буурч, эдийн засгаа бүрэн тэтгэх ажиллах хүчгүй болно гэсэн тооцоо гарчээ. 

Мицубиши Электрик компанийн удирдлагын шахалтаар хэт урт цагаар ажилласан ажилтан сэтгэцийн өвчтэй болсон тохиолдлыг өнгөрсөн оны нэгдүгээр сард тус улсын хөдөлмөрийн яам мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: Japan Today