Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Дэвжээнээс эмэгтэйчүүдийг буухыг шаардсан Сүмогийн Холбоо уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр сүмогийн дэвжээн дээр үг хэлж байсан албаны хүний бие гэнэт муудаж унасан байна. Энэ үеэр анхны тусламж үзүүлэхээр хүмүүс дэвжээн дээр цуглахад тэдний дунд байсан эмэгтэйчүүдийг дэвжээнээс буухыг зохион байгуулагчид шаарджээ.

Киотогийн сүмогийн дэвжээн дээр үг хэлж байсан Майзуру хотын дарга, 66 настай Рёзо Татами ухаан алдаж унасан нь энэ байв. Сүмогийн дэвжээг ариун гэж үзэн эмэгтэй хүн гарахыг хатуу хориглодог уламжлал байсан.

Гэтэл ухаан алдсан хүнд туслахаар хэд хэдэн бүсгүйчүүд дэвжээн дээр гарсан юм.

Энэ үед сүмогийн шүүгч нарын хүсэлтийн дагуу ордны зарлалын системээр бүсгүйчүүдийг дэвжээнээс буухыг удаа дараа шаарджээ.

Уг үйл явдлын дүрс бичлэг хэвлэл мэдээлэл, интернэтээр тарж, олон нийтийн шүүмжлэлийн бай болсон юм. Шаардлагыг дамжуулсны дараа хоёр эмэгтэй дэвжээнээс буухыг завдсан боловч буцаж ирсэн нь дүрснээс харагдаж байна.

Японы Сүмогийн Холбооны ерөнхийлөгч, их аварга асан Нобуёши Хокутоуми  энэ явдлын дараа албан ёсны уучлал гуйж, тусламж үзүүлсэн бүсгүйчүүдэд талархлаа илэрхийлжээ.

Тэр хэлэхдээ “Хүний амь настай холбоотой асуудал үүссэн үед гаргасан үйлдэл нь зохисгүй юм. Бид уучлал гуйж байна” гэсэн байна.

Дэвжээн дээр унасан хотын даргын бие эмнэлэгт хүргэгдээд сайжирсан тухай мэдээлжээ.

Сүмогийн ертөнцөд бүсгүйчүүдтэй холбоотой маргаан анх удаа дэгдсэн нь энэ биш. 2000-2008 онд Осака хотын дарга асан эмэгтэй Фусай Ота тэмцээнд түрүүлсэн бөхөд шагнал гардуулахаар дэвжээн дээр гарах гээд чадаагүй юм. Сүмогийн Холбоо түүний удаа дараагийн хүсэлтээс татгалзаж, эмэгтэй хүнийг дэвжээн дээр гаргах нь уламжлалыг хөсөрдүүлсэн явдал болно гэж тайлбарлаж байв.

 

Эх сурвалж: The Guardian