Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Британичуудад дээрэмдүүлсэн үнэт зүйлсээ Этиоп улс зээлээр авч иргэддээ үзүүлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

150 орчим жилийн өмнө Британичуудад булаалгасан түүхийн үнэтэй ховор эд зүйлсийг зүүн Африкийн Этиоп улс зээлээр буцаан авч музейд дэлгэхээр болжээ.

Бүгдийг нь биш, цөөн хэсэг эд зүйлсийг энэ долоо хоногоос Этиопын ард иргэдэд үзүүлж эхлэх гэнэ. 1868 онд өнөөгийн Этиоп улс, тухайн үеийн Абиссиний хаант улсын нийслэл Макдалад олзлогдсон иргэдээ суллахаар Британий арми довтолж байжээ. Энэ үеэр олон зуун үнэт эд зүйлсийг Британий цэргүүд дээрэмдсэн нь өнөөдөр тус улсын “Victoria and Albert” музей, Уиндсор шилтгээнд байдаг Хатан хааны номын сан зэрэгт хадгалагддаг юм.

Африк тивийн улс орнууд колоничлолын үед булаалгасан түүхийн чухал эд зүйлсээ буцааж авахаар олон жилийн турш хөөцөлдөж, үр дүн нь харилцан адилгүй байна.

Тухайлбал 1897 онд Бениний хаант улсаас алдагдсан Нигерийн хүрэл дурсгалуудыг буцаан авах ажил өнгөрсөн зууны дундаас эхэлж, өнгөрсөн онд л заримыг нь буцаах тохиролцоонд хүрсэн юм.

Өнгөрсөн оны намар Буркина Фасод айлчилсан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Африкийн ард түмний түүхэн ховор эд зүйлсийг буцааж өгөх нь түүний бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэх нэн тэргүүний ажлуудын нэг байна гэдгийг хэлсэн байна.

Харин Этиоп улсын буцааж авах хүсэлтийг Британичууд 2007 онд албан ёсоор няцааж байсан юм. Сүүлд зээлээр үзүүлэх тохиролцоонд хүрсэн нь Этиопчуудад алс ирээдүйд бүр мөсөн буцааж авах найдлага төрүүлж байгаа гэнэ. Гэхдээ түүхэн эд зүйлс эх нутагтаа бүр эргэж ирэхийн тулд олон жилийн зүтгэл шаардахаар байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz