Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын Яам байхгүй зөвлөхдөө "НОГООН ПАСПОРТ" авахаар хөөцөлдсөөр байгаа нь ШУДАРГА УУ?

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БСШУСЯ-ны Төрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормааг ажлаас нь халсан билээ. 

Үүнтэй холбогдуулан Ж.Болормаа нь АТГ-т "БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг албан тушаалаа урвуулан ашигласан, С.Мөнхөөлэй гэгчээр дамжуулж яамны үйл ажиллагааг удирддаг" хэмээн шалгуулахаар гомдол өгсөн байдаг.

Ж.Болормаа “Ц.Цогзолмаа сайд ажлаа мессеж, мессенжер хоёроор хийдэг. Хамаг ажлаа БСШУСЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэйдөө даатгасан. Энэ талаарх гомдлоо АТГ-т хүргүүлсэн” гэх мэдээллийг нэг бус удаа өгсөн билээ. 

Харин АТГ-аас 2018 оны нэгдүгээр сарын 25-нд мэдээлэл хийхдээ “БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гурван удаагийн гомдол ирсэн. С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь хууль тогтоомжид нийцсэн үү үгүй юу гэдгийг шалгуулахаар төрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн байгаа. Албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна" хэмээн мэдээллэж байсан юм. 

Тэгвэл энэ асуудлыг АТГ хянан хэлэлцэж гомдлын хариуг гуравдугаар сарын 5-ны өдөр хүргүүлжээ. Хяналт шалгалтаар С.Мөнхөөлэй нь "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогджээ. Мөн С.Мөнхөөлэйг томилсон тушаалыг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авахыг ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэнд сануулсан байна. 

Харамсалтай нь, С.Мөнхөөлэй нь өдийг хүртэл албан тушаалаа хэтрүүлэн ашиглан, журам зөрчиж ажиллаж байгааг зарим жишээнээс харж болно.

Тухайлбал, гуравдугаар сарын 30-ны өдөр БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нь ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболдод албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт "Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор баталсан журмын 5.2.1 дүгээр заалтын дагуу БСШУС-ын сайдын зөвлөх Г.Атармаад албан паспортыг нь зохих хууль, журмын дагуу олгож өгнө үү" гэсэн байв.

Энэ талаар бид БСШУСЯ-аас тодруулахад "Одоогоор БСШУС-ын сайдын зөвлөхөөр А.Цанжид, Ганбат, Мөнхбат, Болд гэсэн дөрвөн хүн ажиллаж байна" гэсэн юм. Тэгвэл дээрх албан бичигт дурдагдаж буй Г.Атармаа гэж хэн бэ. Өөрөөр хэлбэл, С.Мөнхөөлэй өөрөө хууль бус томилогдсон мөртлөө яамандаа ажилладаггүй зөвлөхөд "ногоон паспорт" хүсч сууна. 

Ер нь төрийн алба энэ мэт хувь, хувьсгалын ажлаа ялгаж салгаж чаддаггүй хүн л хамаг улсын ажил цалгардуулж байгааг бид мэдэх болсон. 

Хамгийн гол нь Авлигатай Тэмцэх Газраас С.Мөнхөөлэйгийн томилгоог цэгцэл гэсэн чиглэл өгөөд байхад өнөөдөр ажлын үр дүн нэг иймэрхүү л байна. 

Монголын чухал салбарыг хариуцаж буй Боловсролын Яаманд өнөөдөр юу болж байна вэ?!

 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.