Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Элчин сайд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN

Монгол Улсад хавсран суух таван Элчин сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа. Өчигдөр таван улсын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.

  1. Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Константинеску Василика
  2. Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Оуэн О’Лири
  3. Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Марк Хубш
  4. Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Рамзи Казимоглу Тэймуров
  5. Буркино Фасо Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Антуан Сомда нар Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Румын Улс

 

Манай улс Румынтэй 1950 оны дөрөвдүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоожээ. Манай улс 1963 онд Бухарестад, Румын Улс 1964 онд Улаанбаатарт Элчинс сайдын яамаа тус, тус нээсэн хэдий ч Румыны тал 1995 онд, манай тал 1997 онд Элчин сайдын яамдаа хаасан байна. Харин одоо Румын Улсыг манайх Болгар Улсаас хавсран сууж байна. Хоёр орны худалдааны эргэлт 2016 онд гурван сая ам.доллар, 2017 онд 3.2 сая ам.доллар байсан юм. Румынээс эм, үс арчилгааны бүтээгдэхүүн, гутал, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжүүд, ус халаах, хөрс сэргээх, сууц дулаацуулах болон ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Румыны Элчин сайд Константинеску Василикаг хүлээн авч уулзах үеэрээ “Манай хоёр улс 1990 оноос өмнө маш сайн харилцаатай байсан. Монголд Румыны тусламжаар цирк, мебелийн үйлдвэр барьж байснаас гардна мод боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Элчин сайд Та хоёр орны харилцаа тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин ноён Константинеску Василика Төрийн тэргүүнд хандан хүлээн авч уулзсанд талархаад хуучны уламжлалт харилцаа болоод эдийн засаг, боловсрол, худалдааны гээд олон салбарт идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ирланд Улс

 

Монгол Улс тус улстай 1998 оны арванхоёрдугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс Ирланд Улсыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас, Ирланд Улс БНХАУ-аас манай улсыг хавсран сууж байна.

Тус улсын Элчин сайд Оуэн О’Лири “Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга тантай уулзаж байгаадаа таатай байна. Би Монгол Улстай олон жил харилцаж ирсэн. Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-д элсэх үед би удирдах албан тушаалд ажиллаж байсан. Монгол Улс энэ байгууллагад элсэн орсон нь том амжилт гэж бодож байгаа. Монгол Улсын талаар цаашид илүү ихийг судлан мэдэх болно. Манай хоёр улс жижиг мөртлөө том гүрнүүдийн дэргэд оршдог гэдгээрээ ижил төстэй. Бид боловсрол, хөдөө аж ахуй гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой. Саяхан бид Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн анагаах ухааны чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа монголчуудад англи хэл заах сургалтын төв Улаанбаатарт ажиллаж байна. Удахгүй манай улсын парламентын доод танхимын дарга Монгол Улсад айлчлах гэж байгаа” гэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Удахгүй болох айлчлалд нь амжилт хүсье. Таны хэлсэнчлэн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах боломж бий. Таны цаашдын ажилд амжилт хүсэж, хоёр улсын хамтын ажиллагаанд амжилт гаргахыг хүсье” гэв.

Люксембургийн Их Гүнт Улс

 

Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улс 1976 оны долдугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2016 онд хоёр тал дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиосон юм. Одоогоор Брюссель дэх манай улсын Элчин сайдын яам Люксембургийг, Бээжин дэх Люксембургийн Элчин сайдын яам манай улсыг тус, тус хавсран ажиллаж байна. Манай хоёр орны харилцаа 1990-ээд оноос идэвхжиж гол төлөв банк, санхүү, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа явагдаж иржээ. Мөн Монголын ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Люксембург эхнээс нь идэвхтэй дэмжиж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн байна.

Манай улсыг хавсран суух Элчин сайд Марк Хубш “Өөрийн улсын Их Гүнгийн мэндчилгээг танд юун түрүүнд уламжилж байна. Мөн биднийг хүндэтгэлтэй угтаж авсанд өөрийн зүгээс талархалтай байгаагаа хэлэхийг хүсэж байна” гэлээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их Гүнд мөн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсээд, “Манай улсыг Бээжингээс хавсран суудаг юм байна. Хоёр улсын харилцааг бүх түвшинд дээшлүүлэхийн тулд санаачилгатай ажиллана гэдэгт найдаж байна. Манай хоёр улсын улс төрийн харилцаа идэвхтэй байдаг. Үе, үеийн Ерөнхий сайд нар айлчилж байсан. Энэ харилцаагаа хадгалж, цаашид өргөжүүлэхийг хүсэж байна” гэлээ. Цааш нь Төрийн тэргүүн болон Элчин сайд нар далайд гарцгүй, жижиг улс зэргээр хоёр орны хувьд ижил төстэй шинж чанар, үүнээсээ харилцан суралцах туршлагуудын талаар ярилцаж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэв.

Бүгд Найрамдах Азербайжан Улс

 

Манай улс 1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс Азербайжаныг Анкара дахь Элчин сайдын яамнаас хавсарч, Азербайжан Монгол Улсыг Сеүл дэх Элчин сайдын яамнаас хавсран сууж байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Рамзи Казимоглу Тэймуровт хандан “1990 оноос хойш манай хоёр улсын хооронд ямар ч харилцаа байхгүй байна. Би танай улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, мэнд мэдэлцсэн. Энэ нь хоёр улсын цаашдын харилцаанд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн Элчин сайдыг хоёр улсын харилцааг сэргээж, хамтын ажиллагааг өрөгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Харин Элчин сайд Рамзи Казимоглу Тэймуров “Азербайжан улсын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг дамжуулж байгааг хүлээн авна уу. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таны манай улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь маш сайхан яриа болж өнгөрсөн” гээд хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа хэллээ.

Буркино Фасо Улс

 

Монгол Улс Буркино Фасо Улстай 1985 оны аравдугаар сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон. Манай Улс Буркина Фасог Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраас хавсран хариуцдаг бол манай улсыг Москвагаас хавсран суудаг байна.

Тус улсын Элчин сайд Антуан Сомда “Улсынхаа Ерөнхийлөгчийн мэндчилгээг танд юун түрүүнд уламжилж, Итгэмжлэх жуух бичгийг маань хүлээн авсанд талархаж байна. Манай хоёр улсын бодит харилцааг идэвхжүүлэхийн тулд намайг томилж байна. Цаашид хичээнгүйлэн ажиллана” гэлээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсад тавтай морилно уу. Юуны өмнө Буркина Фасо Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдон өнөөдөр ийнхүү Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаад баяр хүргэе. Буркино Фасо Улсын төлөөлөлтэй уулзаж байгаа анхны төлөөлөл нь та болж байна. Элчин сайд Таныг ажиллах хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА