Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

YouTube-ийн төв байранд зэвсэгт халдлага гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн цагийн өмнө YouTube компанийн Сан Бруно хот дахь төв оффист зэвсэгт этгээд халджээ.

Гэрчүүдийн мэдээлснээр буутай этгээд төв байранд нэвтэрч, гурван ажилтныг шархдуулсныхаа дараа өөрийн амийг хороосон байна.

Хохирогсдыг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Тэднээс 36 настай эрэгтэй үхлүүт шархтай байгаа бол 32 настай эмэгтэй хүнд шархдаж, 27 настай эмэгтэй хөнгөн шархдсан байна.

Халдлага үйлдсэн этгээд нь 30 гаруй насны эмэгтэй байсан гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа юм. Гэрчүүдийн зарим нь бас нэг буутай эрэгтэйг харсан гэж мэдээлсэн тул цагдаа нар YouTube компанийн төв байрыг үргэлжлүүлэн шалгаж байна.

YouTube-ийг эзэмшдэг Google компани мэдэгдэл гаргаж, хэргийн учир шалтгааныг олохоор эрх баригчидтай хамтран ажиллаж байгаагаа мэдээлжээ. Төв байрнаас ажилчдыг нүүлгэн шилжүүлж, мэдээлэл авах тусгай утас ажиллуулж байгааг мөн мэдэгдсэн байна.

Сан Бруно хот нь Сан Францискогоос өмнө зүгт 17 км зайтай оршдог. Уг хотод дэлхийн хамгийн том видео платформ YouTube-ийн төв байр арав гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Харин түүний эцэг компани Google эндээс холгүй Mountain View хотод төвлөрдөг.

 

Эх сурвалж: Quartz