Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай сургуульд өргөтгөл барьж өгөхөөр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Жижигхэн дугуй цаасыг соруулаар сорж аваад, хайрцаганд хийх хүүхдүүд хэл заслын өрөөнд бужигнана. Харин өөр нэг ангид сургалтын зориулалтаар тохижуулсан зочид буудлын  өрөөнд хүүхдүүд цэвэрлэгээ хийн хичээллэнэ. Энэ бол мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай дунд сургуулийн сурагчдын нэг өдрийн хичээлийн хөтөлбөр.

Энэ мэтчилэн тус сургуульд суралцдаг 500 орчим хөгжлийн бэрхшээл, дауны хам шинж, аутизмтай хүүхдүүд бусад жирийн хүүхдүүдийн адилаар өдөр тутамдаа хийж занших ёстой хооллох, ярих, тоглох дадал, ерөнхий боловсролын сургуулиас олж авах ёстой унших, бичих мэдлэгийг суралцахын төлөө эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хамт хичээж явна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 10 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн тойм тоо бий. Гэхдээ үүнээс яг хэд нь аутизм, дауны хам шинж, хөгжлийн бэрхшээлтэй вэ гэсэн нарийвчилсан судалгаа байдаггүй. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирэх зургадугаар сар хүртэлх хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг хийж, цаашид яамны зүгээс эдгээр хүүхдүүдэд хэрхэн анхаарал, халамж хандуулах, бодлогоо яаж төлөвлөх зэрэг ажлыг  хэрэгжүүлэхээр болоод байна. Энэхүү ажлын эхлэл болгож Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай сургууль дээр тусгай хэрэгцээт боловсролын байгууллагатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажлыг санаачлан зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог зургаан сургууль байдаг бөгөөд 55 дугаар жишиг сургууль дээр бүтэн өдрийн турш болсон үзүүлэх ажилд нийслэлийн 63, 70, 25, 29, 116 дугаар сургуулийн удирдлага, багш нар оролцсон юм. Тэд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургалтын орчин, багш нарын заах арга зүйгээс туршлага хуваалцлаа.

55 дугаар сургууль нь Монгол Улсад анх удаа аутизмтай хүүхдэд зориулсан зориулалтын анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, тайвшруулах өрөө, мэргэжлийн сургалтын зочид буудлын үйлчилгээний анги, хоол, нарийн боовны анги, хэл засал, хөгжимт заслын өрөө зэргийн байгуулснаараа онцлог төдийгүй жишиг сургуулиар нэрлэгдээд байгаа юм.
 

Үүнээс гадна салбарын сайд 55 дугаар сургуулийн эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон юм. Эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахын сацуу хамгийн чухал нь нэг ээлжинд оруулж, сургууль дээрээ хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт хөгжих боломжоор хангаж өгөхийг хүссэн юм. Тэрчлэн есөн настай аав охиноо 55 дугаар сургуульд дөрвөн сарын турш явуулахад хэл ярианы хөгжил нь мэдэгдэхүйц сайжирсан тухай дурдаад тус сургуулийн багш нарын хичээл зүтгэлийг магтаж байлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Тусгай мэргэжлийн сургалттай сургууль бол маш онцлог сургууль юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хоёр биш, нэг ээлжээр хичээллэх стандарттай. Өглөө нь сургалтын хөтөлбөрөө үзэж, үдээс хойш нь сурган хүмүүжүүлэгчид хүүхэд нэг бүртэй ганцаарчлан ажиллаж, эцэг, эхчүүд нь багшийн заасан хичээл, сэргээн засах дасгалыг хамтдаа сургаж, хөгжих ёстой байдаг. Та бүхний саналтай би 100 хувь нийлж байна. Тиймээс нэг ээлжинд оруулахын тулд 2019 оны төлөвлөгөөнд өргөтгөл барьж өгөх бодит дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ” гэсэн юм. Салбарын сайдын энэхүү шийдвэрийг эцэг, эхчүүдийн төлөөлөл талархалтай хүлээн авлаа. 

 

Эх сурвалж: БСШУСЯ