Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын сагсны лиг хэт өндөр легионеруудыг хасахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн лиг хоёр метрээс өндөр нуруутай гадаадын тоглогчдыг ирэх улирлын тоглолтоос эхлэн тэмцээнд оролцохыг хориглож байгаагаа өнөөдөр зарлажээ.

Мөн лигийн баг бүрт гадаадын хоёроос илүүгүй тоглогч байх хязгаартай болж байна. Эдгээр тоглогчдын нэг нь 2 метр хүртэл өндөртэй, нөгөө нь 1.86 метрээс өндөргүй байх ёстой болжээ.

Ингэснээр тус улсын клубүүдэд тоглодог хэд хэдэн гадаад тоглогч Өмнөд Солонгосоос явахаар болж байна. Сүүлийн жилүүдэд лигийн багууд өрсөлдөхдөө биеийн хүч, өндөр нуруунд найддаг болж байгаа нь буруу үзэгдэл гэж үзээд ийм шийдвэр гаргажээ.

Нурууны өндөрт хязгаар тавьснаар багууд хурд, тоглолтын тактикт анхаарал тавьдаг болж, сүүлийн үед буураад байгаа үзэгчдийн тоо нэмэгдэнэ гэж тооцсон байна.

Гэхдээ үзэгчид ийм хязгаарлалт тавьснаар тоглолт сонирхолтой болно гэдэгт эргэлзэж, Солонгосын тамирчид дэлхийн дэвжээнд өрсөлдөх чадвар нь муудахаас болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

Тиймээс сагсан бөмбөгийн лигийн удирдлага болон  үзэгч фэнүүдийн хооронд гарсан маргааныг шийдүүлэхээр хэсэг иргэн ерөнхийлөгчийн Хөх ордны захиргаанд өргөдөл гаргасан байна.

 

Эх сурвалж: Korea Times