Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгчүүдийн “хуулах урлаг” туйлдаа хүртэл хөгжжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн хавар Энэтхэг даяар хэдэн арван сая сурагч төгсөлтийн шалгалтаа өгч дотоодын их сургуулиудад элсэх цөөн эрхийн төлөө өрсөлддөг. Энэтхэгт жилд 5.5 сая ажлын байр шинээр бий болдог бол жил бүр 17 сая сурагч шалгалтын дараа ажиллах хүчний эгнээнд шилждэг юм. Өрсөлдөөн ямар хүчтэй болох нь эндээс харагдаж байна.

Энэ үеэр тус улсад шалгалтын материал задлан зардаг мафи ажиллаж эхэлдэг гэнэ. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт хоёр шалгалтын материалыг эхлэхээс нь 90 минутын өмнө задалж, WhatsApp мессэнжэрээр зарж эхэлсэн байна. Материалын нэг хуулбарыг $250 (16,000 рупи) орчмоор худалдаж авдаг.

Үүний дараа нийслэл Дели болон түүний ойр орчмын 2.8 сая сурагчдын шалгалтыг дөрөвдүгээр сарын сүүлээр болгож хойшлуулах шийдвэр гарчээ.

Шалгалтын үеэр хуулах бол Энэтхэгт соёлынх нь нэг хэсэг болтлоо хөгжсөн үзэгдэл. Сурагчид, эцэг эхчүүд хуулахыг буруу үйлдэлд тооцдоггүй. Тухайлбал тус улсын хамгийн ядуу мужуудын нэг Бихарт өнгөрсөн хоёрдугаар сард шалгалтын үеэр хуулсан 1,000 гаруй сурагчийг хөөж байв. Зөвхөн хуулаад зогсохгүй, орондоо хүн оруулж шалгалт өгүүлэх арга хэрэглэдэг.

Өнгөрсөн онд шалгалтын оноогоор муждаа тэргүүлсэн сурагч нь 42 настай эр байсан нь сүүлд илэрч байжээ.

2015 онд Бихарт зохион байгуулагдсан төгсөлтийн шалгалтын дүрс бичлэг дэлхий дахинд шуугиан тарьсан юм. Дүрс бичлэг дээр шалгалт болж буй 5 давхар барилгын цонхоор эцэг эхчүүд хэрхэн сорилын хариуг хүүхэддээ дамжуулж байгаа нь харагддаг.

Энэ жилээс тус муж хяналтын камер ажиллуулахаар болсон нь том дэвшилд тооцогдож байна. Бас сурагч бүр шалгалтад орохдоо оймс, гутлаа ангийн гадна үлдээхээр болжээ.

Судлаачид дээрх үзэгдлийг Энэтхэгийн боловсролын систем ямар чанаргүй байгааг харуулж байна гэж шүүмжилдэг. Эрх баригчид одоохондоо аль болох олон сургууль байгуулж, хүрэлцээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа тул сургууль дотор юу болж байгаад анхаарах боломжгүй байна гэж тэд дүгнэдэг юм.

 

Эх сурвалж: The Guardian